Saturday, October 27, 2007

Луугийн хүчин

Да Винчийн код хэмээх гайхалтай зохиолыг уншихад /киног нь үзэхэд/ нүдний минь өмнө байдаг огт анзаардаггүй нууцуудыг хараад гайхмаар, аймаар ч юм шиг. Эргэн тойрны энгийн зүйлсэд ч эргэлзэх мэт мэдрэмж. Уг кинон дээр "Хүн хүссэн зүйлээ л олж хардаг..." гэж хэлдэг. Үүнийг уншиж байгаа танд ч ялгаагүй энэ жирийн нэг бичлэг мэт санагдана. Гэтэл цаана нь асар гүн гүнзгий нууц утга учир, бэлгэдэл байвал?! ... гэсэн өгүүлбэр нь хүртэл асар гүн утгатай байвал... хэ хэ..
Ертөнцийн зүй тогтол бодох бүр тархи минь багадмаар дэндүү агуу билээ. Бид жирийн амьдрал тутамдаа анзаардаггүй нь үүнийг бичих сэдэл болсон биз.
Хорвоо ертөнц нэгэн бүхэл зарчимтай тул дурын ямар ч тохиолдлоос уг зарчимыг олж харах боломжтой мэт.. Дээрх номыг /киног/ уншвал ийм мэдрэмж эрхгүй төрнө. Үүний нэгэн жишээг өгүүлье.
Бараг хүн бүр хүүхэд насандаа үлгэрийн ертөнцөд зорчдог. Тэр үлгэрт нь цайзад хоригдсон үзэсгэлэнт гүнжийг луунаас авардаг хүлэг баатар эр гардаг шүү дээ. Ард түмний оюун санааны бүтээл болсон домогт жигүүрт луу. Гүнжийг авархаар ирсэн баатар болгоныг толгой дараалан залгина. Эцэст нь хүч зоригтой, шударга ариун шалгарсан залуу эр ирэх ба гүнж түүнд лууг дарах аргыг зааж өгөн залуу ч лууг дарж хураасан эрдэнэсийг аваад лууг хөлөглөн гүнжийн хамт тэнгэрт дүүлэн нисэж амар сайхандаа жаргана. Үүнийг бэлгэдэл зүйн ухаанаар тайлан уншваас ЦАЙЗ нь хүний БИЕ мах бодыг төлөөлөх ба түүнд хүний СЭТГЭЛ ЗҮРХ буюу ГҮНЖ давчдан хоригдож байна. Хүний СҮЛДЭН ТЭНГЭР /би - эго, СҮНС/ -ыг БААТАР ЭР -ээр бэлгэджээ. Харин ЛУУ юуг илэрхийлнэв? Галаар тургидаг, нисдэг, могойн хайрстай, аварга том энэ амьтныг хэн анх бодож олсон бол? Жигүүр болон могой сүүл нь тэнгэр газрыг давхар бэлгэдэх хүхэр мэт галаар тургигч луу нь жолоодлого муутай БЭЛГИЙН ХҮЧИЙГ илэрхийлэх ажээ. Өөрөөр хэлбэл хүн сүлдэн тэнгэрээ дагаж оюун ухаан мэдлэгээ ашиглан бие сэтгэлээ нэгтэгснээр бэлгийн энергээ зөв жолоодон аз жаргалд хүрэх учиртай байна.
Бэлгийн энерги үнэхээр асар их хүч билээ. Надад лав "Lord Of The Rings" -н Сауроны бөгж шиг санагддаг юм.
Бэлгийн энергийг дан ганц бэлэг эрхтнээр ойлгож болохгүй юм. (Тэгэж ойлгосон ч хүнд хамгийн чухал эрхтэн нь мөн биздээ.?) Үүнд хайр, амьдралыг таашаагч мэдрэмж, энхрийлэл, хүсэл тэмүүлэл бүгд орно. Тайган хүн юуны төлөө амьдрах юм бэ? Тийм хүн сонгодог бүтээл туурвиж чадах уу?. магадгүй миний бодлоор үзэж ч чадахгүй...
Бэлгийн энерги нь түлш, дарьтай адилхан ажээ. Түүнтэй яаж харьцахаа мэдэхгүй хүн дураар нь тавиад өөрөө шатаагддаг. Харин ашиглаж чадвал юуг ч бүтээж чадах хүч чадал болно. Энэ нь бэлгийн энергээ хоригло гэсэн үг биш юм. Угаасаа боломжгүй бөгөөд хэзээ нэг цагт тэсэрч гарах болно. Цахилгаан энерги чийдэнгээр дамжин гэрэл болж, халаагчаар дамжин дулаан, сэнсээр дамжин хөдөлгөөн болдог шиг тэнгэр бурхнаас ирсэн энэ их энерги нь тархиар дамжин мэргэн ухаан, булчингаар дамжин хүч чадал, агуу бүтээл, хараагаар дамжин сэрэл мэдрэмж, бэлгэсээр дамжин эсрэг хүйстэнд татагдах дуршил болж хувирдаг байна. Суут хүмүүс, гэгээнтнүүд гал халуун хүмүүс байдаг ба бэлгийн хүчээ ашиглаж чаддаг бөгөөд энэ нь тэдний онгод авъяас, хүч чадлын ундарга болдог.
Ерөөс хүний аз жаргалыг тодорхойлдог мэт. Магадгүй амьдрал нь хамаардаг мэт.

Цааш бичих нь миний түвшингээс хэтрэх мэт санагдах тул эрхэм та өөрөө энэ тухай судалсан нь дээр байх. Дээрх бүгдийг Францын сурган хүмүүжүүлэгч Айванховын "Бэлгийн энерги ба луугийн хүчин" номноос сэдэл аван бичсэн болно. Номын дэлгүүрүүдэд 2 дахь хэвлэлт нь ногоон эрээн хавтастайгаар олдох байх. Хүний анхаарал татах эрээн хавтастай, сүржин нэртэй өөртөө туслах маягийн, эсвэл сүнс био энерги бясалгал энээ тэрээ гэсэн олон номны нэг гэж бодуузай..

Friday, October 19, 2007

Дөрвөн цаг - Д.Нямсүрэн


Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврийн цас хайлж гэрлүү урсах сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах сайхан
Алтан хараацай дээгүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлийн маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан
Хангайн бороо гэнэт асгах сайхан
Харанхуй дунд цахилгаан гялбах сайхан
Хонон өнжин бороо зүсрэх сайхан
Холоос гийчин ирэх сайхан
Шаргал талын өвс халиурах сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газар ойчих сайхан
Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой сар гарах сайхан
Чөдөртэй морьд тургилах сайхан
Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан
Гэгээн борооний усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмүүлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аясхан бодол хол ойрийг санах сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо дуулан жаргамаар сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан

Thursday, October 11, 2007

Уншсан ном

Хүн өөрийнхөө шинж чанарыг хэн нэгнээс олж харвал тэр хүн өөрт нь ихэд таатай сэтгэгдэл төрүүлдэг мэт. Хэдэн жилийн өмнө Fatboy slim, Moby, Bjork, Chemical brothers - цомгуудыг минь PC -ээс харчихаад хөл алдан баярлах огт танихгүй залууг хараад баярласандаа өчнөөн зовж цуглуулсан тэднийгээ бүгдийг нь хуулаад өгчихөж билээ. Энэ дуунуудыг минь тэр залуу яаж кайфтай сонсож байгаа бол гэж бодохоос нэг л гоё... Индранилагийн жагсаалтыг хараад ихэд сайхан санагдав. Сэтгэлд дотно сайхан санагддаг хүмүүстэйгээ ихэвчлэн номны тухай ярьж танилцсан мэт..
тэгээд өөрийнхийг жагсаамаар санагдлаа...
18 нас хүртэл:
Үүлэн Бор
Эмиль хүүгийн адал явдлууд
Оросын түүхэн өгүүллэгүүд

Багачууддаа уншиж өгөөрэй
Монгол Ардын Аман Зохиолын Эмхтгэл
Маргад Эрдэнэ хотын илбэчин
Алтан Түлхүүр ба Буратиногийн адал явдал
Үл мэдэх ба түүний нөхөд
ЗСБНХУ - н ардын үлгэрүүд - үүд
Орос Ардын Үлгэрүүд

Доктор Ай Болит
Гэсэрийн тууж
Жангар
Монгол ардын домог үлгэр
32 модон хүний үлгэр
Шидэт хүүрийн үлгэрүүд
Жаалхүү Карлсон хоёр

3-н бүдүүн
Желсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь
Өвгөн Хоттабич
Молла насреддинд тохиолдсон адал явдал
Хөвдөн сахалт ба түүний нөхөд
Хөгжилтэй аялал (муур, лабрадор нохой гардаг)
Гэрлэн буу
Мөнгөн хараацай
Алтан хараацай
Хүжийн гал
Гавъяат үйлсийн мөрөөдөл
Инженер Гарины сүйрэл
Болд Хэрхэн Хатаагдсан нь
Сүүлэнхүүгийн адал явдал
Ганс Христиан Андерсений Үлгэрүүдийн Эмхтгэл
Тожмой луутай тулалдсан нь
Хөлгийн дарвуул ганцаар цайрна
Маргааш битгий байгаасай
Робинзон крузо
Хөгшин чоно ульсан нь

Чонын алтан шагай
Тарзан 1-6
Шаалуу хүү Маугли
Кихот ноён
Үүрийн туяа
Нууцыг задруулсан захиа
Тунгалаг Тамир
Морь унасан толгойгүй хүн
Цагаан бээлий
Оцеалла баатар
Мөрч
Аймшиггүй чин зоригт Айвенго баатар
Уйленшпегелийн домог
Шадар гурван цэрэг
20 жилийн хойно
Монте кристо гүн 1,2,3
Санниковын газар
Агаар худалдагч
Усан доогуур Хорин мянган бээр аялсан нь
Дэлхийг тойрсон ная хоног
Капитан Грантын хүүхдүүд
Нууцат арал
Артур Вангийн Өргөөнөө
Том Сойрын адал явдал
Саран Хөндий

Цагаан Соёот
Өвгөн Тэнгис Хоёр
Болор толь
Хошуу цагаан нутаг
Халуун салхи 1,2
Санаа заяа хоёр минь
Артур Канон Дойлийн цувралууд
Оливер Твист
Илиада
Одиссей
...
(үргэлжлэл бий.. яагаад гэвэл санахгүй байна.)

... Бага нас минь жирэлзээд өнгөрөх шиг. Дахиж хэзээ ч болохгүй юмыг хүлээгээд байгаа юм шиг.. дээр үеийн оросын хар цагаан зурагтын дүрс шиг..

Saturday, October 6, 2007

Шалгуурын шалгуур

Бид аливаа зүйлийг харьцуулж л танин мэддэг билээ. Энэхүү хэмжилтийг хэрхэн хийдэг талаар Хурметбек -ийн "Үл бичигдмэлүүд" дээр тодорхой эргэцүүлсэн байдаг. Түүхлэг хэмжилт, бодит хэмжилт гэх мэт. Энэ номонд ер нь энэ сэдэвтэй холбоотой олон зүйлс гардаг тул санааг нь давтах болчихгээд. Ер нь бол заавал уншаарай гэж танд зөвлөх байна.

Аливаа зүйлийг бодитой үнэлэхийн тулд сайн шалгуур хэрэгтэй байж таарна. Миний хувьд бодож үзсэн хэдэн шалгуур ..
  • Бусдад хэрэгтэй байх. Алт мөнгөний үнэ цэнэ нь ховортоо байхаас гадна маш олон хүнд хэрэгтэй байдгаар тайлбарлагдах боловуу. Хэдий элбэг дэлбэг байдаг ч бүх амь биед хэрэгтэй учраас ус гайхалтай үнэ цэнэтэй. Хэрэв чи хэнд ч хэрэг болдоггүй бол Чи хэнд ч хэрэггүй амьтан гэсэн үг. Олон хүнд хэрэгтэй байх тусам хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүн нэг хүний л үнэ цэнэтэй. Гэр бүлийнхээ төлөө амьдардаг бол 3-10 хүний үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө, улс орон хүн төрлөхтний төлөө амьдардаг хүний үнэ цэнэ зүйрлэшгүй байж таарна. (бага байхдаа хэрэв би одоо үхчихвэл яах бол гэж бодоод миний хойноос харамсах хүмүүс болоод өөрийгөө өрөвдөн уйлж байж билээ)
  • Цаг хугацаа. Дээр өгүүлсэн "Үл бичигдмэлүүд" номонд аливаа хэмжилт шугаман байдаг тухай гардаг. Өөрөөр хэлбэл урт, жин, өнгө, хүний зан чанарыг ч бид тодорхой нэгэн чигт хэмжин ангилалт хийдэг. Тэгвэл хамгийн оновчтой зөв ангилалт хийх шалгуур нь Цаг хугацаа болох тухайд гардаг юм. Манай ертөнц өөрөө цаг хугацаанд оршдог болохоор бүх зүйлийг цаг хугацааны дагуу хэмжиж болно. (Бурхан чөтгөрийг ч ... ) Нөгөө талаар цаг хугацаа үнэ цэнийн хамгийн сайн шалгуур. Цаг хугацаа өнгөрсөн ч чанараа алддаггүй болохоор алт эрдэнэсүүд үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Хайр, шударга ёс, үнэнч байдал гэх мэт хүнийг үнэ цэнэтэй болгодог эрхэм чанарууд цаг хугацаанаас хамаарах ёсгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг зүйлс, жишээ нь Сонгодог урлаг, дарс, нөхөрлөл гээд л...
Ерөнхий тохиолдолд нийтлэг хэрэглэж болох шалгуур нь ийм байж болох мэт. Харин тухайн нөхцөлд шалгуураа зөв тогтооход мэдрэмж, боловсрол, туршлага хэрэгтэй мэт.
Хүний авч байгаа шалгуур нь өөрөө тэр хүнийг сонжих сайх шалгуур мэт... Жишээ нь Н.Энхбаярыг учиргүй магтаад байвал тэр магтагч ямар нөхөр болохыг нь би ерөнхийдөө төсөөлчихнө. Харин энэ дүгнэлтээ ямар шалгуурын дагуу хийснээр нь тэр хүнийг илүү бодитой таньж авна.
"Ардчилсан" нам бол зөв нам гэдэг дүгнэлтийг -хүүхдэд 10000₮ өгсөн гэсэн шалгуур, эсвэл либертари үзэл болоод бусад ардчиллын зарчимдаа үнэнч г/м ямар шалгуурын дагуу хийснээр нь тухайн хүний боловсролын түвшинг мэдэж болно г/м.
Илүү өргөн хүрээнд хүмүүс аливаа зүйлд хандахдаа ямар шалгуурыг гол болгон авч үздэгээр нь тухайн нийгмийг тодорхойлж болох юм. Хэзээ нэгэн цагт Монголчууд минь ашиг бус, гадаад үзэмж бус, эрхэм чанаруудыг шалгуур болгодог үе ирэх бизээ.
Тэгэхээр юмыг хэрхэн авч үзэх нь шалгуураас хамаардаг тул шалгуураа зөв тогтоох нь ихээхэн чухал юм. Бид төрийн түшээдээ өндөр намаар нь шалгаруулдаг бол ямар байх вэ? үнэндээ тарааж өгдөг мөнгө, байдгаараа мэрийж авхуулсан плакат, социалист амлалтууд, шоу тоглолтын гоё сайхан байдал үүнээс дээрдэх юмгүй. Манай хэд ч үүгээрээ өрсөлдөж өгнө дөө. Аягүй бол үүндээ түрүүлсэн нь сонгогдоно.
(Үүнтэй төстэй зүйлийг та анхны дэд ерөнхийлөгчийг сонгох үеийн депутатуудын хурлын протоколоос үзэж болно. Инээдтэй, эмгэнэлтэй, аргагүй байдал гэмээр энэ хурлын тухай Дожоодорж гуайн бичсэн "Арван халуун өдөр" гэж нимгэхэн ном бий. )
Төрийн сонгуулиас илүү надад хамаатай чухал сонголтын нэг нь хань ижил. Ямар шалгуурыг сонгохоос ирээдүйн амьдрал, аз жаргал чинь хамаарна.
Тэгвэл сайн шалгуурын шалгуур нь юу вэ? Би дээрх шалгууруудыг хэрхэн сонгов?
Хариултыг нь мэдээд байгаа юм шиг мөртлөө бичиж болохгүй юм. Нөгөө талаар мэдрэмж хэмээх өөр сэдэв болчих гээд байгаа тул тусад нь бичнээ.

Tuesday, October 2, 2007

Мэргэ таамгийн тухайд..

(Эрхэм блогчин Ганбаагийн бичсэн блогд comment бичсэн чинь сүүлдээ халуураад зөндөө их юм болцийн. Түүндээ урамшаад энэ блогийг нээсэн болно.)
Матрикс -н зөнч Бифияа гээч шүлс гоожмоор гоё сэдэв байна даа..
Нео бүхнийг абсолют зөгнөж чаддаг зөнч дээр очдог. Энэ зөнч "бүх" зүйлийг урьдчилан харж чадна. Тэгээд Нео-той анх уулзахдаа:
- Вааранд санаа бүү зов! гэж хэлдэг. Нео: -Юун ваар? гэж хэлээд эргэтэл тавиур дээр байсан ваарыг татаж унагаад хагалдаг. Санаа зовсон Нео уучлал гуйхад зөнч санаа зовох хэрэггүй гэдэг үгээ дахин сануулна. Энэ хүртэл энгийн нэг зөн билэг. Харин Нео:
-Та яаж мэдвээ? гэж асуухад зөнч:
-Яаж мэдэв гэдэг нь гол биш, хэрэв би чамд "вааранд санаа бүү зов!" гэж хэлээгүй бол чи ваар хагалах байсан уу гэдэг нь л сонин байна... гээд учиртай инээмсэглэнэ. Матрикс үнэхээр гайхалтай бүтээл. Энэ хэсэгхэн кадрт ийм том сэдвийг багтаачхаад цааш бүр гоё зүйлс нь үргэлжилнэ.
Нэгэн найз минь дээрхийг тайлбарлан доорх санааг ярьж байсан юм. Амьдралд зарим нэг үйлдэл зайлшгүй байдаг. (хувь тавилан) Жишээ нь үхэл. Сүйт бүсгүйнхээ үхлийг өөрчлөхийн тулд өнгөрсөн рүү очдог эрдэмтэний тухай кино байдаг даа. Үхлийн шалтгаанийг нь өөрчилсөн ч сүйт бүсгүй нь өөр нэгэн санамсаргүй шалгаанаар яг тэр цагтаа янз бүрээр үхдэг. Бурхан хорвоогийн бүх зүйлийг хянаж чадахгүй учраас тодорхой хэдийг л төлөвлөдөг. Зөнчийн хувьд Неогийн ваар хагалах нь зайлшгүй болохыг хараад албаар туршсан байж болох.. Найз маань ингэж тайлбарласан юм.
Нөгөөтэйгүүр матрикс кинонд зүгээр нэг цаг хугацааны энгийн парадоксыг уран гоёор харуулсан ч юм шиг.
Стефен хокинг -ын номонд энэ талаар үнэхээр гоё бичигдсэн байдаг. 19 -р зууны эрдэмтэд (Лаплас..) орчлон ертөнц бүрэн шалтгаанцсан (детерминистик) гэдэгт итгэдэг байж. Хэрэв би Ганбаад Монтеныг ав гэж зөвлөөгүй бол Ганбаа Монтеныг авахгүй, аваагүй бол энэ блогийг бичихгүй, бичээгүй бол би мөн бичихгүй байсан. Хэрэв би бичээгүй бол та уншихгүй, үүнийг уншаад одоо наад төрж буй бодол чинь ч танд бодогдохгүй байсан..
60 -д оны Хэйзенбергийн тодорхойгүйн зарчимд няцаагдсан детерминистик үзлийг өөрөөр үйлийн үр гэж нэрлэж болох мэт.. тодорхойгүйн зарчим эгэл бөөмсийн эгэл бус орон зайд л үйлчилдэг болохоор бидний мэдэрдэг ертөнцийг тодорхой хэмжээнд детирминистик гэж болох л доо.. би одоо байгаа мэдээллээ ашиглан энэ comment (блог?) -г минь Ганбаа уншаад инээнэ гэдгийг урьдчилан хэлж, зөгнөж чадна. Хэрэв зөн билэгийг детирменистик утгаар нь тайлбарлавал бүрэн үндэслэлтэй л зүйл. Матрикс -д ч энэ утгаараа байдаг. Зөнчийн хувьд тэр 3-р анги дээрээ програм болж таардаг. ө/х бүхэл матрикс -н бүх мэдээллийг боловсруулж ирээдүйг урьдчилан хэлдэг програм. Зөнч бифияагын компонент гэмээр програмуудыг өдгөө зохион хэрэглэж байгаа шүү дээ. Энэ хүртэл гарсан санааг та өөрөө Стефен хокинг-ын номноос оригоор нь уншсан нь дээр байх. Харин мэргэ төлгийн но той байж болох зүйл нь огтын хамааралгүй мэт мэдээллийг ашиглан ирээдүйг хэлдэгт л байх шиг. Сонгодог жишээ бол зоос байна. Сүлд буух үзэгдэл нь детирминистик үзлээр бол зоосны анхны байрлал, жин, өндөр, анхны хурд, импульс, агаарын даралт, дулаан, нягт, мөнгөтэй хүрэлцэж буй агаарын молекулууд, тэдгээр молекулудтай мөргөлдөж буй молекулууд ......... г/м тооцох боломжгүй олон хүчин зүйлээс хамаарна. Энэ ч мэдээж. Гэвч гол зүйл нь зоосийг шидэхдээ миний бодсон бодол түүнд бас нөлөөлөх үү? гэдэгт л байна. Энийг бол харин батлах ч, няцаах ч боломжгүй учраас хувь хүний шүтэх, эс шүтэх эрх чөлөөний орон зай тогтон байх мэтээ... (дуусгах шахав...)

"Бодлын" талаар "бодох" нь өөрөө парадокс мэт санагддаг учраас, нөгөө талаас нэрээ, үгийг мартчихгээд байдаг тул больёо.

Та хувь тавиланд итгэдэг үү? гэдэг асуултыг асуухад үнэхээр кайфтай байдгийн.
Таны яг энэ мөрийг уншиж байгаа чинь хувь тавилан мөн үү?!


Детерминистик талаас нь бодвол үйлийн үрийг хувь тавилан гээд нэрлэчихэж болно л доо. Жишээ нь өглөө нар мандах нь хувь тавилан г/м.
Гэхдээ хүмүүс хувь тавилан гэдэг үгийг сонсохдоо Бурхнаас ч юмуу далдын тайлбарлагдашгүй зүйлээс амьдралыг нь зохицуулах гэдэг утгаар нь хүлээн авдаг шүү дээ.
Физикийн хуулиар зохицуулагдах детерминистик ертөнц, Бурхан болоод сүнсэн ертөнцөөс хүртэл үйлдэл минь хамаараад байхад би яаж сонголт хийх юм бэ?! (Нео бас үүнийг зөнчөөс асуудаг.) Өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодох ганц үндэслэл нь тодорхойгүйн зарчим. Тэрийгээ сургийг нь дуулснаас биш өөрөө ч бүрэн ойлгоогүй.
Ямар ч байсан одоо байгаа физикийн хуулиар тайлбарлагдахгүй сүнсэн ертөнц бодитой гэдэгт би итгэнэ. Яг л бодол шиг хийсвэр сүнсэн ертөнц лав байгаа. Хэрэв та материалист бол миний бодлыг тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл гэх байх л даа. Тэр бол таны л тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл. за энэ ч яахав.
Би лав хувьдаа ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ! Миний сонголтын ихэнхи хувь нь бодит амьдралаас, багахан хэсэг нь сүнсэн ертөнцөөс (урьд нас, эцэг өвгөдийн түүх, сүнсэн ертөнц, магадгүй Бурханы хүсэл) хамаарах ч гэлээ үлдсэн өчүүхэн хэсэгтээ би өөрийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх болно. Хэрэв үгүй юм бол би (хокинг-ы хэлдгээр) хэний ч өмнө, бурханы ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй болно.
Тэгэхээр сүнсэн ертөнцийг мэдрэх чадвартай хүмүүсийг би үгүйсгэхгүй. Харин Монголд минь ингэтлээ ихсээд байгаа шалтгааныг "Энэ хорвоо дээр тэнэгүүд нь луйварчдаасаа олон. Тиймгүйсэн бол луйварчид нь юугаараа амь зуух билээ" гэдэг афоризмоор тайлбарлах байна.
Хэт их зүйл бичиж залхаасандаа хүлцэл өчин ёсолсон Anonymous.