Saturday, October 6, 2007

Шалгуурын шалгуур

Бид аливаа зүйлийг харьцуулж л танин мэддэг билээ. Энэхүү хэмжилтийг хэрхэн хийдэг талаар Хурметбек -ийн "Үл бичигдмэлүүд" дээр тодорхой эргэцүүлсэн байдаг. Түүхлэг хэмжилт, бодит хэмжилт гэх мэт. Энэ номонд ер нь энэ сэдэвтэй холбоотой олон зүйлс гардаг тул санааг нь давтах болчихгээд. Ер нь бол заавал уншаарай гэж танд зөвлөх байна.

Аливаа зүйлийг бодитой үнэлэхийн тулд сайн шалгуур хэрэгтэй байж таарна. Миний хувьд бодож үзсэн хэдэн шалгуур ..
  • Бусдад хэрэгтэй байх. Алт мөнгөний үнэ цэнэ нь ховортоо байхаас гадна маш олон хүнд хэрэгтэй байдгаар тайлбарлагдах боловуу. Хэдий элбэг дэлбэг байдаг ч бүх амь биед хэрэгтэй учраас ус гайхалтай үнэ цэнэтэй. Хэрэв чи хэнд ч хэрэг болдоггүй бол Чи хэнд ч хэрэггүй амьтан гэсэн үг. Олон хүнд хэрэгтэй байх тусам хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүн нэг хүний л үнэ цэнэтэй. Гэр бүлийнхээ төлөө амьдардаг бол 3-10 хүний үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө, улс орон хүн төрлөхтний төлөө амьдардаг хүний үнэ цэнэ зүйрлэшгүй байж таарна. (бага байхдаа хэрэв би одоо үхчихвэл яах бол гэж бодоод миний хойноос харамсах хүмүүс болоод өөрийгөө өрөвдөн уйлж байж билээ)
  • Цаг хугацаа. Дээр өгүүлсэн "Үл бичигдмэлүүд" номонд аливаа хэмжилт шугаман байдаг тухай гардаг. Өөрөөр хэлбэл урт, жин, өнгө, хүний зан чанарыг ч бид тодорхой нэгэн чигт хэмжин ангилалт хийдэг. Тэгвэл хамгийн оновчтой зөв ангилалт хийх шалгуур нь Цаг хугацаа болох тухайд гардаг юм. Манай ертөнц өөрөө цаг хугацаанд оршдог болохоор бүх зүйлийг цаг хугацааны дагуу хэмжиж болно. (Бурхан чөтгөрийг ч ... ) Нөгөө талаар цаг хугацаа үнэ цэнийн хамгийн сайн шалгуур. Цаг хугацаа өнгөрсөн ч чанараа алддаггүй болохоор алт эрдэнэсүүд үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Хайр, шударга ёс, үнэнч байдал гэх мэт хүнийг үнэ цэнэтэй болгодог эрхэм чанарууд цаг хугацаанаас хамаарах ёсгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг зүйлс, жишээ нь Сонгодог урлаг, дарс, нөхөрлөл гээд л...
Ерөнхий тохиолдолд нийтлэг хэрэглэж болох шалгуур нь ийм байж болох мэт. Харин тухайн нөхцөлд шалгуураа зөв тогтооход мэдрэмж, боловсрол, туршлага хэрэгтэй мэт.
Хүний авч байгаа шалгуур нь өөрөө тэр хүнийг сонжих сайх шалгуур мэт... Жишээ нь Н.Энхбаярыг учиргүй магтаад байвал тэр магтагч ямар нөхөр болохыг нь би ерөнхийдөө төсөөлчихнө. Харин энэ дүгнэлтээ ямар шалгуурын дагуу хийснээр нь тэр хүнийг илүү бодитой таньж авна.
"Ардчилсан" нам бол зөв нам гэдэг дүгнэлтийг -хүүхдэд 10000₮ өгсөн гэсэн шалгуур, эсвэл либертари үзэл болоод бусад ардчиллын зарчимдаа үнэнч г/м ямар шалгуурын дагуу хийснээр нь тухайн хүний боловсролын түвшинг мэдэж болно г/м.
Илүү өргөн хүрээнд хүмүүс аливаа зүйлд хандахдаа ямар шалгуурыг гол болгон авч үздэгээр нь тухайн нийгмийг тодорхойлж болох юм. Хэзээ нэгэн цагт Монголчууд минь ашиг бус, гадаад үзэмж бус, эрхэм чанаруудыг шалгуур болгодог үе ирэх бизээ.
Тэгэхээр юмыг хэрхэн авч үзэх нь шалгуураас хамаардаг тул шалгуураа зөв тогтоох нь ихээхэн чухал юм. Бид төрийн түшээдээ өндөр намаар нь шалгаруулдаг бол ямар байх вэ? үнэндээ тарааж өгдөг мөнгө, байдгаараа мэрийж авхуулсан плакат, социалист амлалтууд, шоу тоглолтын гоё сайхан байдал үүнээс дээрдэх юмгүй. Манай хэд ч үүгээрээ өрсөлдөж өгнө дөө. Аягүй бол үүндээ түрүүлсэн нь сонгогдоно.
(Үүнтэй төстэй зүйлийг та анхны дэд ерөнхийлөгчийг сонгох үеийн депутатуудын хурлын протоколоос үзэж болно. Инээдтэй, эмгэнэлтэй, аргагүй байдал гэмээр энэ хурлын тухай Дожоодорж гуайн бичсэн "Арван халуун өдөр" гэж нимгэхэн ном бий. )
Төрийн сонгуулиас илүү надад хамаатай чухал сонголтын нэг нь хань ижил. Ямар шалгуурыг сонгохоос ирээдүйн амьдрал, аз жаргал чинь хамаарна.
Тэгвэл сайн шалгуурын шалгуур нь юу вэ? Би дээрх шалгууруудыг хэрхэн сонгов?
Хариултыг нь мэдээд байгаа юм шиг мөртлөө бичиж болохгүй юм. Нөгөө талаар мэдрэмж хэмээх өөр сэдэв болчих гээд байгаа тул тусад нь бичнээ.

2 comments:

  1. Minii bodloor yamar shalguuriig gol bolgoh ni tuhain hunii itgel unemshil yum daa. Ooriin tani bichseniig uzeed "emh tsegtstei bolovsrol" gegch onoogiin niigemd dutagddag ni sanagdlaa.. Bayarlalaa.

    ReplyDelete
  2. шалгуурын шалгуур гэхээр рекурс болчихгээд байна. Боловсролын эмх цэгцийг хэмжих шалгуур нь юу вэ? Эсвэл энэ шалгуур хувь хүний итгэл үнэмшлээс хамаарах уу?

    ReplyDelete