Sunday, November 18, 2007

Мэдрэмж

Урьдчилаад төлөвлөчихөөр (төсөөлчихөөр) бүтдэггүй тухай найзууд минь ярилцдаг. Анх блог нээгээд төлөвлөгөө гаргасан чинь бичих гэхээр болж өгөхгүй хойшлогдсоор л байна. Энэ удаа ойрд их сэдэл орж ирээд байгаа мэдрэмжийн тухай бодлоо буулгая даа. Оюутан байхад философийн хичээл дээр багш оюутнуудаас: хүний хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг нэрлэхийг хүссэн юм. Хайр, эрүүл мэнд, мөнгө, боловсрол, секс ... гээд л ... 30-д зүйлийг нэрлэсэний дараа тэдгээрийг эрэмбэлэх болж санал хураалаа. Хүмүүсийн үнэ цэнэтэй зүйлс бараг ижилхэн байдаг мэт. Харин хүмүүсийн хоорондын ялгаа нь тэдгээрийг эрхэмлэж үзэх эрэмбэд байдаг бололтой. Анд нөхөд минь надтай адил зүйлийг эрхэмлэдэг. (сэдэвээс хазайсан болох тул тусад нь бичих..) Тэгэхэд эхний 5 -д нүд -ийг нэрлэсэн юмдаг. Тухайн үед нүд их л чухал санагдаж байсиймдаг. Тэр санал асуулгын хувьд ангилал хийгээгүй учраас замбараа муутай дараалал байсан. Үнэндээ зөвхөн нүд гэлтгүй өөр олон чухал эрхтэн бидэнд байдаг шүү дээ. Нүд бол нохойнд ч байдаг эрхтэн. Зүрх, элэг ходоодгүй бол бид шууд л үхнэ. Харах, унших, үзэх, олох гээд нүд чухал л даа.. Гэхдээ зөвхөн шон мөргөж, нүхэнд уначихгүй хэмжээнд ашигладаг бол нүд тийм ч үнэ цэнэтэй биш. Сохор хүмүүс ч амьдарч болоод байна. Харин нүдийг хавьгүй илүү өндөр түвшинд ашиглаж байж үнэ цэнэ нь гарна. Одоо бодоход миний хувьд дээрх санал асуулгад нүдийг мэдрэмж гэдэг утгаар нь үнэлж дээгүүр эрэмблэсэн бололтой. Надад бол мэдрэмж үнэхээр чухал. Энэ ч ойлгомжтой. Хүний амьдралын зорилго аз жаргал шүү дээ.. Тэр аз жаргалаа мэдэрч чадахгүй байх нь аз жаргалгүйгээс өөрцгүй. Ямар ч дэлгүүргүй цөлд их мөнгөтэй байхтай адил.. Эсвэл та өөрийгөө тайган болгоод төсөөлөөд үз дээ... энд жирийн харах, үнэрлэх, сонсох мэдрэмжийн тухай бус, "торгон" мэдрэмжийн тухай ярьж байна. Энэ чадвар сонссон хөгжимийг чинь 2 дахин уянгалаг болгож, уусан дарсыг чинь 2 дахин амтлаг болгоно... Ер нь л таны мэдэрсэн таашаалыг хэд дахин амт оруулдаг учраас хамгаас чухал чадвар юм.
Ажигласнаар бол хэд хэдэн төрлийн мэдрэмж байх шиг байгаа юм. (Мэдээж мааш олон л доо. Угаасаа хүний мэдрэх, хүртэх зүйлс хязгааргүй олон юм чинь..)
Урлагийн болон гоо зүйн мэдрэмж.
Хувь хүний боловсролоос ихээхэн хамааралтай хөгждөг мэдрэмж. Боловсролыг мэдлэгээс ялгаж ойлгох хэрэгтэй байх. (Баабарын Дори идэр дүүдээ номонд илүү сайхан бичсэн байгаа) Мэдлэгийн хувьд ямар ч зүйлд мэргэшсэн хүн тэр зүйлдээ асар мэдрэмжтэй болсон байдаг. Лаазалсан махны чанар шалгагч япон хүний тухай үзэж байсан юм. Тэр хүн тагийг гаднаас нь тогшин чагнаж үзээд хэдэн мянган лаазалсан махнаас муудсаныг нь олж чаддаг байна. Ингэж мэдрэх нь тэр хүнд сайхан санагддаг байх. Энэ бол мэдлэгтэй холбоотой мэдрэмж. Машинтай холбоотой бүх зүйлийг цээжээр мэддэг, шинэ загварыг сэтгүүлээс хараад шүлс нь гоожих машины хорхойтон, импресионист зураг шүтэгч хоёрын гоо сайхны мэдрэмж угтаа адилхан мэт..
Хип хоп, хөнгөн хөгжим сонсдог залуусын ихэнхи нь сонгодог урлагийг тийм ч онцгой гэж хэлэхгүй байх. Зөвхөн европчуудын л өөрсдийгөө үнэлэх хэрэгсэл, хээнцэрлэл болж хөгжсөн гэх байх. Тэгээд тэр нь хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дээдсийн соёл, үнэлэмж мэт санагдах болсон. Орчин үед боловсролтой, элит хэсгийнхэн болж дүр эсгэгчдийн чамирхал гэж хэлж магадгүй. (Ер нь л рок хамтлагын урт үстэй фен, сонгодог урлагийг бишрэгч хоёр бие биендээ дургүй талдаа байдаг. Аль аль нь нөгөөхөө үгүйсгээгүй хэрнээ ойшоодоггүй. Уг нь мэдэрч чадах юм бол алинаас нь ч гайхалтай таашаалыг авч болно. )
Дуурийн театрын билетийн касс маш эрт хаачихдаг юм. Тэгээд хунт нуурын билет авах санаатай хоцорчихоод зогсож байтал тэнд байсан ченж: -хошин шогийн билет авах уу? гэлээ. Би өөдөөс нь хунт нуур байна уу? гэтэл: Байхгүй ээ! -хошин шог үзэхгүй, юун гачин юм үздэгийн, гээд тэнэг юм асуусан хүн рүү харж байгаа юм шиг харж билээ.. Тэгэхээр сонгодог урлаг яалтчгүй эрхэмсэг мэдрэмж. Билетээ ченжээр заруулахааргүй ихэмсэг дээд урлаг. (ер нь энэ талаар тусад нь бичье.. Эсвэл та Баабарын "Дори идэр дүүдээ" номыг уншаарай.)
Удаах мэдрэмж нь хүн хоорондын харилцааны мэдрэмж.
Хүний нүүрний хувирал, нүүрэн дээр байрлах хэдэн эрхтэн маш олон мэдээлэл агуулдаг билээ. Уруул гэхэд л:
ярвайх,
инээмсэглэх,
ёжлох,
ихэмсэг байх,
бардам байх,
тоомсоргүй хандах,
шоолох,
увайгүй,
гүрийх,
занах,
эрхлэх,
хүсэмжлэх,
тэвчих,
үзэн ядах,
гайхах гээд хүний маш олон төлөвийг илэрхийлдэг. Нүд ч мөн ялгаагүй. Эмэгтэй хүн нүдээ маш чадамгай ашигладаг. Нүдний хувьд том жижиг хэмжээ, давхраа мэтээс илүү энэ чадвар нь эрчүүдийг татдаг мэт. Далавчаа дэвээд байгаа эрвээхэй мэт том алаг нүд хөөрхөн л дөө. Гэхдээ эмэгтэй хүний ааль нүдний хэмжээнд бус хөдөлгөөнд байх шиг. Үнэндээ хүн бүрийн нүүрэн дээр иймэрхүү бичиг байдаг. Уншихын тулд мэдрэмж хэрэгтэй гэсэн санаа юм л даа.. Хүүхэлдэйн кино бүтээгчид ч үүнийг маш чадварлаг ашигладаг. Машиныг яг л хүн шиг сэтгэл хөдлөлтэй харагдуулна.
Дараа нь харилцан ярианы үед ярианы уур амьсгалыг мэдрэх мэдрэмж. Энэ бас маш чухал чадварыг нэг болно. Хамт олон ярилцаад суудаг даа... өөрийг нь шоолоод нирр хийтэл инээлдэхэд ойлгоогүй л сууж байдаг хүмүүс байдаг. Эсвэл хөндлөнгөөс харахад дурласан хүүхэн нь өөрт нь дургүйгээ зүйл бүрээр ойлгуулаад байхад юу ч анзаардаггүй. Би л лав Матрикс киног үзээд одоо ч ойлгоогүй яваа маш олон хүнийг мэднэ. Энэ талын чадварыг хөгжүүлж чадах мафи гээд тоглоом бий. (Тойрч суугаад мафийн гишүүнийг илчлэх зорилгоор ярилцаж тоглодог. Дотор нь хоорондоо хуйвалдаж биенээ дэмжих мафи, тэр мафийн гишүүдийг олох зорилготой цагдаа нар, хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй жирийн хүмүүс болж хуваагдана. Хуваагдахдаа хүч тэнцвэртэй байхаар шодож хуваах ба бусад хүн мафи, цагдаа, иргэн аль болохыг хэн ч мэдэхгүй. (мафийнхан биенээ, мөн цагдаа нар биенээ мэднэ) Тэгээд хэн нь мафи болох талаар маргаж өгнө дөө.. ) Ерөнхий зорилгын дор ярилцаж байгаа бүлэг дотор ондоо зорилготой бүлэг өөрсдийгөө мэдэгдэхгүйгээр өөрсдийн зорилгыг биелүүлэхийг хичээн ярилцах үнэхээр гоё шүү. Хөндлөнгөөс харахад ч үнэхээр сонирхолтой..
Мэдрэмжтэй нүд маш олон юмыг харж чадна. Ухаантай хүн гэж зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлж таараа. Үнэндээ мэдээлэл үнэн зөв, хангалттай байхад шийдвэр гаргах амархан. Хүнтэй ярилцаж үзээд мэдээллээ хангалттай цуглуулах нь ухаан гэсэн үг мэт.
Нөгөө талаар сайн муу аливаа зүйлд зохист хэмжээ гэж байдаг. (Монтень. Зохист хэмжээг баримтлах тухайд -эсээг уншаарай.) Үүнийг өөрөөр алтан дундаж гэж болох юм. Сайн зүйл ч бай хэмжээ нь хэтэрвэл тэнэг, муу зүйл болж хувирдаг. Баярлаж байгаа хүн сайхан санагддаг. Тиймээс ч бид бусдыгаа баярлуулах дуртай. Харин хэт баярлах нь ямар тэнэг харагддагийг MTV -н машиныг минь авраач! шоу нэвтрүүгээс харж болно. Магадгүй ухаантай хүний хамгийн сайн тодорхойлолт энэ байж мэдэх юм. Юү гэвээс зохист хэмжээг мэддэг хүнийг ухаантай хүн гэнэ. Үнэндээ бол энэ хэмжээг мэдэхийн тулд мэдрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдрэмжтэй хүн бол ухаантай хүн гэсэн үгээ..
Мэдрэмжтэй хүн биеээ зөв авч явдаг. Хамт олны дунд орчныхоо уур амьсгалыг мэдрээгүйгээс тэнэг юм яриад явдаг олон хүн бий. Ийм хүн бүх хүнийг баярлаж байхад гэнэт уурлана, гарч гүйнэ, гоё бүрдсэн уур амьсгалыг эвдэнэ. Эсвэл хүмүүсийн ярьж байсан сэдвээс тэс хөндлөн юм яриад чанга инээнэ. Тэгээд өөрийнхөө энэ байдлыг огтхон ч үл мэдрэнэ. Ийм хүн ихэвчлэн гэнэн цагаахан, бусдад хор болохооргүй хүмүүс байдаг мэт. Харин өөрийнхөө энэ байдлыг мэдэрч чаддаг нь тунирхамтгай, өөрийг нь тоосонгүй, булагнадаг мэтээр дотроо юм санадаг хүмүүс байдаг байх..

Тэгээд эцэст нь хүний хамгийн чухал чадвар бол мэдрэмж хэмээн тунхаглаж байна!

Та бүгдийн мэдрэмж "торгон" байх болтугай!