Wednesday, January 30, 2008

Чухал ажилтай хүмүүст..

Сэтгэл санааг тайтгаруулах арга мэдэх үү?
Уул нь ч кино юмуу тоглолт үзэх, тоглох зугаацах гээд стресс тайлах олон арга бий ч тиймэрхүү зүйлд зарцуулах зав минь тун бага байна.
Харин ямар ч чухал ажилтай байсан, бүр хамгийн чухал ажилтай байсан ч "зав" гардаг шилдэг арга маань нандин хүмүүстэйгээ уулзах.. Улсын шалгалт өгөх өдрийн урд орой нь шөнөжин юм ярьж нойргүй хоночихоод өглөө нь хоцрон барин сургууль руу гүйж байхдаа чухал зүйлтэй минь харьцуулшгүй нандин хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрч жаргалтай сайхан санагдана..
Иймэрхүү тохиолдолд яагаад юм муу авдаггүй ч үнэхээр муу авсан ч надад сайхан санагдах байлаа.. Их сургуульд шалгуулсан тэдгээр дүнгүүд одоо бол надад ямар ч үнэ цэнэгүй.. Би тэднийг огтхон ч санадаггүй. Болоод өнгөрсөн амьдралын хар мянган учралуудын л нэг. Харин би тэдэнтэй хаана яаж уулзсанаа, юу ярьснаа ихэнхийг нь санадаг.
Найзын минь хэлснээр тэрээр "уулзахаар" болвол ямар нэг чухал ажилтай гэдгээ санахийг оролддог, эсвэл би их чухал ажилтай даа хэмээн зориуд боддог гэж билээ..
Уулзаад тийм сүрхий юм ярихгүй ч, ихэнхи хугацаа нь шал дэмийн юм ярьж өнгөрөх нь байдаг ч бодит гадаад ертөнцөөс ангижирч, тойргоосоо гардаг энэ орчиндоо л би өөрийнхөө хэн гэдгийг санах шиг, амьдарч байгаагаа тод томруунаар мэдрэх шиг болдог юм..

Хааяахан хамт олон нэг газар "цуглардаг". Хоорондоо ярьж хөөрөх, бие биенээ таних, хамтдаа дурсамж бүтээх энэ цаг мөчөөс -Ажил гарлаа! гэсэн шалтгаанаар гараад явчихдаг хүмүүст энэ бичлэгийг зориулсан болно.

Хамт олон гэдгийг: -Ажил минь наддаа та нараас хавьгүй чухал! гээд хэлчихэд буруудахгүй улиг болсон архичин шоучдаас ялгаж ойлгоорой..

Блог ч бас адилхан юм байна. Энд бүгд "цуглардаг".
Хүнтэй танилцах гайхалтай сайхан. Ихэнхи хүн сайхан болоод тэр байх.. (Танилцах гэдэгт нэр цээжлэхийг хэлээгүй юм шүү.. Бид нэрийг нь мэдэхгүй олон хүнийг энд танина шүү дээ..)

Sunday, January 27, 2008

Universe

Тэнгэрийн эрхэсүүдийг хэмжээгээр нь харьцуулжээ..




Зурган дээр харагдахгүй нь. Юпитер гариг 1 пикселийн хэмцээтэй болсон ба дэлхий нүдэнд үзэгдэхээргүй болсон байна. (Зурган дээр дарж эх хэмжээгээр нь харна уу..)
Одоо юпитер харагдахгүй болсон байна. Нар 1 пикселийн хэмжээтэй харагдана.
Антарес нь тэнгэрт тодоосоо 15 дахь гэрэлт од бөгөөд гэрэл нь 1000 жилийн дараа ирж бидэн дээр тусдаг ажээ.


Доор байгаа зураг нь Hubble телескопоор харсан тэр бум гэрлийн жилийн алсад буй тоолшгүй олон одноос тогтох тоолшгүй олон галактикууд юм.

Дээрх зургийн хамгийн харанхуй хэсгийг ойртуулж харахад л цаана нь ...


Агуу биш гэж үү !!!

Том сэтгэж, холыг харж амьдарцгаая!

Эрхэм чанар

Хүн бүр ямар нэгэн зүйлд дуртай байдаг. Юунд ч дургүй хүмүүс нь амиа хорлочихдог болохоор бараг бүгд ямар нэгэн зүйлийг эрхэмд үздэг. Үзэл бодол, эх орон, ээж аав, анд нөхөд, алдар суутан, ном, дуу хөгжим гээд юу эсийг хэлэхэв. Аливааг эрхэмлэж үзэх нь өөрөө эрхэм сайхан чанар билээ. Эрхэмлэж буй зүйлс минь биднийг эрхэм болгодог. Өөрөөр хэлбэл эрхэмд үзсэн зүйлдээ өөрийгөө хамаатуулж, тэрэндээ ойртож байгаа хэрэг юм даа.. Хүмүүс сайн сайхан зүйлтэй өөрийгөө хамаатуулахыг хүсдэг шүү дээ. Дагвадоржтой адилхан Монгол хүн гэдгээрээ ч юмуу бахархах хэрэгцээ.. жишээ нь Блогд дуртай байна гэдэг нь би өөрийгөө блогд хамааруулж байна буюу би өөрөө блог болж байна гэсэн үг. Тэгээд блогтой хамаатай яриа бүхэн надтай хамаатай мэт болж эхлэнэ. Блогийг муулбал уур хүрнэ, өмөөрнө, магтвал санаа нийлэн баярлана.
Тэгэхээр хүний эрхэмд үздэг зүйлсийг муулах хэрэггүй юм. Тэр хүнийг өөрийг нь муулсантай ялгаагүй болно. Хичнээн тэнэг хамтлаг байсан ч доош нь хийхээсээ өмнө эргэн тойрны хүмүүсээсээ хэр дуртайг нь асуучих нь дээр.. Гала хамтлаг, дуучин Гантулга -д дуртай гэж хэлээд шоолуулж байсан тухай бичлэг уншиж байсийм. Надад ч ялгаагүй дуртай номыг минь, Баабар гуайг муулахаар таатай санагддаггүй..
Дуу хөгжим ч тийм сүртэй эд биш. Харин хүнийг өөрийг нь тодорхойлдог үзэл бодлыг шүүмжлэхдээ ихэд болгоомжтой хандах хэрэгтэй мэт. Хамаг итгэл үнэмшил, амьдралын утга учир болсон үнэнийг нь үл тоомсорлоход л ихэд хүндээр тусгаж авч байхад нь эсэргүүцэн доромжилж, хүчээр дарна гэдэг байж болшгүй. Тэр үзэл бодол нь үнэхээр буруу байсан ч ялгаагүй. Үзэл бодолд нь халдана гэдэг хүнд өөрт нь халдсантай ялгаагүй.
Санаанд үл нийцэх хэрэг найм ес буй
Хүмүүний зүг хэлвээс нэгэн хоёр үгүй..

Friday, January 25, 2008

Сюрреализм

Ажлаар гадуур явж байгаад санаандгүй үзэсгэлэнгийн нээлттэй таарав. "Сюрреализм Монголд" нэртэй уг үзэсгэлэн урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 31 -г дуустал үргэлжилнэ.
Утасныхаа сүүлчийн цэнэгээр хамгийн таалагдсан ганц зургийг дарсан минь энэ.
О.Энхтайван. Тавилан

Бодож байсан зүйлийг минь зурчихсан нь их сайхан санагдаад..

Wednesday, January 23, 2008

Цаг хугацааны товч түүх.

Номыг диагнолдаж, хуудас хуудсаар нь уншдаг гэж онгирдог хүмүүс байдаг. Нэг юм асууяа: - Хокины Цаг хугацааны товч түүх, Монтень –ны Сонгомол эсээ зэргийг уншаад юу ойлгохыг чинь харъяа! (Миний мөхөс танилцуулга илүүц юм. Ямаршуухан номнууд болохыг арын хавтаснаас нь харна бизээ.. энэ номны тухай Баабар гуайн нийтлэл ч бий..)

Хокины ном философийг физикын талаас тайлбарласан мэт, эсвэл физикийн философи асуудлийг хөндсөн мэт.. Ухаарал, мэдлэг, гайхшрал, хошигнол бүгдийг багтаасан мөртлөө тийм товчхон. Юун хүн төрлөхтөн! манай гариг, галактик байтугай манай ертөнц!, бүр цаг хугацааны өөрийнх нь түүхийг нимгэхэн номонд багтаасан гээд боддоо!
Онолын физикийн номыг онигоо шиг үе үе писхийтэл инээж уншина гэдэг өөрөө үнэн кайф.. (гэхдээ би дахиж уншихдаа л инээхчээ болсийм..)

Мөнхийн маргаан болсон хэд хэдэн гол сэдвийг хөндсөн мэт.. (сайн санахгүй нь. Санаанд байгаа хэд нь:)

- Эцсийн агуу үнэн буюу ертөнцийн нэгдмэл онол
- Бүх юм яагаад ийм байна вэ? Арай өөр биш, яагаад яг ийм байна?
- Эрх чөлөө ба хариуцлага. Бид эрх чөлөөтэй юу? Эсвэл зүгээр л бүхнээс хамааралтай хөдөлгөөнд оршдог уу?
- Ертөнц юунаас үүссэн бэ? Бурхан уу? Аль эсвэл үүсээгүй зүгээр л байгаад байсиймуу?
- Цаг хугацаа, орон зай гэж юу вэ?
- Ертөнц мөхөх үү?
- Ертөнцийн агуу их хүч.
- Эсрэг ертөнц
- Ирээдүйг зөгнөх боломж хийгээд мэргэ таамгийн тухай…

Дангаараа л нэг нийтлэл болчих эдгээр сэдвийг товчлон дэлгэрүүлье.. Ер нь бол номыг нь уншсан нь дээр..


Эцсийн агуу үнэн буюу ертөнцийн нэгдмэл онол
(Хокинг –д 7 хоногт хэдэн арван их нэгдлийн онолын нээлтүүд ирдэг гэжуга..)

Бүх хөдөлгөөн, бодол ч ялгаагүй тодорхой зарчим, ертөнцийн хуулийн дагуу явагддаг. Бүх хорвоо ертөнцийг захирдаг хууль, зарчим, ө/х нээгдсэн нээгдээгүй бүх физикийн хуулийг нэгтгэсэн их нэгдлийн онолыг боловсруулж гаргах нь өнөө үеийн онолын физикчдийн гол зорилго болж байна. Хэрэв ийм онолыг нээчихвэл ертөнц нэгэнт энэ хуулийн дагуу өрнөдөг учраас ертөнцийн ирээдүйн төлөвийг хэлж чадна гэсэн үг юм. (Яг л ньютоны хуулийн дагуу бид дэлхий 10 хоногийн дараа яг хаана байхыг хэлж чаддаг шиг..)
Гэвч энэ онол нь өөрөө олон парадокс үүсгэдэг. Энэ ертөнцийн хуулиндаа өөрсдөө захирагддаг бид тэр хуулиа олох боломжтой юу?
Ертөнцийн хуулийг олох боломжгүй гэдэг нь өөрөө ертөнцийн хууль байвал яахуу? Гэх мэт..

Ямар ч гэсэн манай нэгэн сэтгүүлч (Эрдэнэ. Их гурвалжин гэдэг номны зохиогч) Их нэгдлийн онолыг нээчихсэн юм даг. Тэгэхээр Монголчууд бид нар лав алзахгүй гэсэн үг..

Бүх юм яагаад ийм байна вэ? Арай өөр биш, яагаад яг ийм байна?

Бурхан яг ийм байхаар бүтээцийн.. Яг e=mc2 байхаар, 2 х 2 = 4 байхаар, масстай биесүүд таталцдаг байхаар, пи тоог 3.14 байхаар, хүн нь хүнээ хайрладаг байхаар бүтээцийн..

Үүнээс ондоо нэг тайлбар нь “хүмүүн зарчим” билээ. Үүний нэг үндэслэл нь “хэрэв үүнээс өөр байсан бол бид байхгүй байх байсан” гэдэг юм. Усны молекул яг ийм шинж чанартай байгаа учраас амьдрал үүсэх нөхцөл бүрдэж, улмаар “бид яагаад ийм байна?” гэдэг асуулт тавих чадвартай ухаант хүн бий болжээ. Хэрэв өөр байсан бол яагаад гэдэг асуулт ч байхгүй байх байсан.. гэх мэт...

Эрх чөлөө ба хариуцлага. Бид эрх чөлөөтэй юу? Эсвэл зүгээр л бүхнээс хамааралтай хөдөлгөөнд оршдог уу?

Энэ талаар өмнө бичсэн тул алгаслаа..
Харин Хокины авсан жишээг дурдъяа.. Детирменистик онолоор хүнд хариуцлага хүлээлгэх нь утгагүй болж хувирдаг. Жишээ нь гэмт хэрэгтнийг хулгай хийхэд маш олон зүйл нөлөөлсөн. өссөн орчин, цаг агаар, од гаригийн хөдөлгөөн, уулзсан хүмүүс гээд л тооцох боломжгүй олон зүйлс.. Хэрэв Ганбаа блог дээрээ universe гэсэн бичлэг оруулаагүй бол би үүнийг бичихгүй, би бичээгүй бол та уншихгүй, уншаад төрсөн бодол чинь бодогдохгүй байсан гэх мэт.. Тэгэхээр хулгайч өөрийн эрхгүй хулгай хийсэн болж таарна. Тэгэхээр хулгайчийг шийтгэх нь утгагүй болно.

Энэ жишээн дээр эрх чөлөө ба хариуцлага хоёрын холбоо харагдаж байна.

Ертөнц мөхөх үү?

Бид тэлж буй ертөнцөд амьдарч байна. Дэлхийгээс аль ч зүгт харсан бидний эргэн тойрны галактикууд биднээс асссар хурдтай холдож байгааг машины хурд хэмжигчээр тогтоожээ.. Энэ нь эрт үед ойрхон байжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Ертөнцийн “төгсгөлд” 3 янзын хувилбар байх бөгөөд эхнийх нь тэдгээр цацагдаж буй галагтикууд татагдан буцаж хумиад их нэгдэл болно.
2 –р нь: хоорондох зай нь холдохчгүй, ойртохчгүй төгсгөлгүй сарнина. (Гипербол муруйн хэлбэрээр)
3 –р хувилбар нь прабол хэлбэрээр дахин хэзээ ч нэгдхээргүйгээр сарнина. (Чандрасекар –ийн хязгаараас давбал)
Эхний тохиолдолд ертөнц төгсөнө. Учир нь тэр цэгт цаг хугацаа зогсоно.

Харин манай нар шатаад дуусахад хүн төрлөхтөн там диваажин хоёр луугаа хуваагдаад очих байхдаа..


... үргэлжлэл бий... (унтах минь)

Monday, January 21, 2008

залилан

Эртний грект юм гэнэ. Протагор хэмээх философич нэгэн залууд ярих урлагийн хичээл заах болжээ. Хэрэв залуу сайн сурсан бол Протагорт хөлсийг нь төлнө, эсрэгээр Протагор зааж чадаагүй бол залуу түүнд мөнгө төлөхгүй гэж тохирчээ. Тэгээд хичээлээ ч зааж, залуу ч маш сайн сурчээ. Эцэст нь Протагор залууд хандан: -За чи ярих урлагийг сайн эзэмшлээ. Гэрээ ёсоор төлбөрөө төл! гэтэл залуу шавь нь:
- Би сураагүй учир төлөхгүй! гэж дээ..
Үүнд уурссан багш:
- Тэгвэл чамайг шүүхэд өгнө. Чи өөрөө өөрийгөө өмгөөлөх ба хэрэв чи ялбал энэ нь чиний ярих урлагийг сайн сурсаныг батлах бөгөөд гэрээ ёсоор төлбөрөө төлнө, эсрэгээр шүүхэд ялагдвал шүүхийн шийдвэр ёсоор төлбөрөө төлөх болно доо! гэжээ.. Харин шавь хариуд нь:
- Үгүй! би төлөхгүй. Учир нь хэрэв би ялагдвал би сайн ярьж сураагүй гэсэн үг бөгөөд гэрээ ёсоор төлбөрөө төлөхгүй, харин ялчихвал шүүхийн шийдвэр ёсоор төлбөр төлөхгүй ! гэж дээ...
Асуулт:
- Шүүхийн шийдвэр ямар гарах вэ? (хэрэв та шүүгч бол..)

Saturday, January 19, 2008

өдрүүд..

Хотод өссөн хүүхдүүд мөнгөтэй. Талхны хариулт, автобусны мөнгөнөөс цуглуулсаар өөрийн мэдлийн мөнгөтэй болчихно. Харин хөдөө мөнгөний хэрэг бараг гардаггүй болохоор хөдөө суманд өссөн хүүхдүүд мөнгөгүй байдаг. Усаа голоос авчина, талхаа өөрсдөө барьчихна, автобус байхгүй... Хүүхдүүдийн хувьд баяраар л ганц мөнгөтэй болдог тул баяр бол "баяр хөөр" байлаа..
Манай сум баруун, хойд хоёр эгнээтэй. шинийн нэгэн хоёронд багтаан бүх айлаар орж дуусгана даа. Шинийн 3 -нд орхигдсон цөөн айлаар шинэлж дуусаад орлогоо бодоход төлөвлөгөөндөө хүрдэг л байсийн.
Харин хүүхдийн баяр, наадмаар ээж мөнгө өгнө. Гоё хувцасаа өмсөөд мөнгөө хармаалаад наадам үзэхээр, наймаа хийхээр гарна даа.. Бөөн баяр хөөр! хүүхдийн баяр хөөрийг юутай ч зүйрлэхэв дээ..
Эртнээс авна гэж төлөвлөсөн, мөнгөгүй ч байн байн орж лангууны цаанаас ширтдэг, үнийг нь мэддэг мөртлөө л асуудаг байсан бялтан буу, пуужин хийдэг эмгэн сам, резинэн буунд хийдэг цагаан резин бас наадмаар л үзэгддэг амттан, ундааг авахаар мөнгөө тооцоолно. Хүүхдүүд мөнгөө янз бүрийн зүйлд зарна. Зарим нь олон гоё юм гэнэт харсандаа догдлон харсан болгоноо шууд авна. Тэгээд наадмын эхний өдөр мөнгөө дуусгачихаад маргааш нь морины тоосонд дарагдсан амьтан явна. Зарим нь болохоор дараа гоё юм авна гэж гүрийгээд мөнгөө өөрөөсөө харамлан хажууд шүлсээ залгин зогсоно.
Дэлгүүрт ороод хүсэн хүлээсэн зүйлээ мөнгөөр сольж авах нэг л сонин, гоё..

Яг л үүншиг бид орчлонд хармаа дүүрэн өдрүүдтэй иржээ. Баяраар ээжийн өгдөг мөнгө шиг л надад зөндөө байгаа өдрүүд..
Урьд нь надад байсан өдрүүдээр би зөндөө зүйлийг сольж авчээ.. Хүнд өгчихсөн, зүгээр л хаячихсан, эсвэл ямар ч хэрэггүй юмаар сольчихсон зөндөө өдрүүд байгаа ч ихэнхи өдрөө хэрэгтэй зүйлээр сольсон юм шигээ..
Нилээн их өдрүүдийг найзынхтайгаа нийлүүлж байгаад тоглоомоор сольцон, бас нилээдийг номонд зарцуулсан, бараг 3000 -д өдрөө өгч байж боловсролтой болсон гэх мэт.. Зарим өдрийг маш гайхамшигтай зүйлээр сольсон. Бас зарим өдрийг муухай зүйлээр сольчихоод тэр муухай юм нь бусад өдрүүдийг маань ч муухай болгосон нь бий..
Одоо бодоод байхад нэлээн их өдрүүдийг дэмий зүйлд зараад эсвэл алга болгоцон юм шигээ.. жишээ нь 2007 оны 1 сарын 19 гэдэг өдрийг яаснаа огт санадаггүй.. Гэхдээ яахвээ.. надаа цаана нь зөндөө өдрүүд байна.
Өдөр болгон адилгүй. Зарим өдрүүд утаатай, харин зарим нь их онцгой. Тийм өдрийг гамнаж байгаад их сайхан зүйлээр сольдийн. Жишээ нь ээж надаа энэ бүх өдрүүдийг өгсөн өдөр байна. Намайг ийм өдрүүдтэй болсонд нь, тэр өдрүүдээ өөрсөнд нь хайр гамгүй зарцуулдагт нь болоод найзууд маань энэ өдрийг тэмдэглэдэг. Би ч ялгаагүй..
Өнөө өдрийг л гэхэд ажлыхантайгаа нэг сургалтанд сууж, өдрүүдийн тухай блог бичихэд зориулж байна. Маргааш цоо шинэ нэг өдрөө задлана даа.. Юу ч бичээгүй шив шинэхэн дэвтрийн цаас шиг өдөр. харин юунд зарцуулдын билээ..
Ер нь бол өдрүүдээ юугаар солихоо урьдчилаад төлөвлөсөн нь дээр л дээ..
Хэдий надаа өдрүүд зөндөө байгаа ч гэсэн эднүүс маань нэг л "өдөр" дуусч таарна. Хэрэгтэй зүйлд, хайртай хүмүүсдээ, эргээд харамсахааргүй үр дүнтэй зарцуулах юмсан даа..
Гай болж голд унаад хамаг өдрөө живүүлчих ч юм билүү..

Үлдсэн өдрүүдээ уг нь хайртай хүндээ зориулахаар хадгалаал байгаан. Тэрийгээ олох гэсээр байтал хамаг гоёууд нь дууслаа..


жич: Өдрүүдийн тухай Groundhog Day гэдэг гоё кино бий. үзээрэй..

Saturday, January 12, 2008

Хайрын физик тайлбар.

Системийн энтропи үргэлж ихэсдэг хэмээх термодинамикын 2-р хууль гэж бий. Энтропи гэдэг нь эмх замбараагүй гэсэн үг бөгөөд орчлон ертөнцөд эмх замбараагүй үргэлж өсч байдаг гэсэн санаа.. (Үүний нэг жишээг Эрдэнэболорын блогоос уншаарай.) Жишээ нь миний компьютер маш эмх цэгцтэй төлөвт байна. Гэвч цаг хугацаа энэ чиглэлдээ үргэлжлэх тусам компьютер хуучирч муудан эвдэрч эмх цэгцгүй төлөвт орно. Би компьютерээ засаж сэлбээд урьдынхаас нь сайхан болгосон ч энэ эмх цэгцийг бүтээхийн тулд үүнээс хавьгүй их эмх цэгцтэй байсан зүйлийг эмх цэгцгүй болгосон байдаг. Энэ бол ертөнцийн нэг зарчим юм. Тиймээс ашигт үйлийн коэффициент хэзээ ч 100% байдаггүй. Мөнхийн хөдөлгүүр бүтээх боломжгүй юм. Энтропи байнга ихэсдэг гэдгийг анх хүлээн зөвшөөрөх дургуй байж билээ. Хүн эмх цэгц рүү тэмүүлдэг мэт. (энэ талаар илүү дэлгэрэнгүй, гайхалтай сайхан бичигдсэн С.Хокинг -н номыг уншаарай.)
Миний бие мах бод гайхалтай эмх цэгцтэй хэлбэрт байна. Би энэ эмх цэгцийг бүтээхийн тулд өөрийн масс- аас хавьгүй их хэмжээний эмх цэгцтэй биет болох үхэр хонийг эмх цэгцгүй болгосон. Нийлбэр дүнгээрээ энтропи нь хамаагүй их байна. Тэгвэл үхэр өөрийн тэр эмх цэгцийг тэрнээсээ хэд дахин их өвс ногоог эмх цэгцгүй болгож байж бүтээсэн. Харин ургамлын эмх цэгцийг бүтээхэд оролцдог, ер нь амьдралыг тэтгэж байдаг нар асар их массыг энтропи болгож байдаг. Андуураагүй бол нар 4 өдөрт дэлхийн хэмжээний массыг энерги болгож хувиргадаг байна.
Одоо хайрын тухай яръя. Хайрын хэмжүүр нь золиослол мэт. Эх хүн өөрийгөө золиосолж үрээ хайрладаг. Эр хүн өөрийгөө золиосолж эх орноо хайрладаг. Өөрийгөө шатаан байж бусдыг гэрэлтүүлдэг лаа мэт хайр золиослол шаарддаг ажээ. Үр хүүхэд өсч том болсон ч ээжийнх нь түүнд зориулсан бүхэнтэй харьцуулахад бий болсон үр дүн ямагт бага л байдаг. Хайрын нөлөөгөөр бид асар их зүйлсийг золин байж өчүүхэн үр дүнд хүрнэ. Энэ нь өөрөө хайрын зарчим мэт. Бүх ертөнцийг хайрын нүдээр хараад үзье. Биднийг үхэр хайрлаж өөрийгөө золиослоно. Өвс ногоо амьтадыг хайрлаж, харин алтан нар биднийг хайрлаж өөрийгөө шатаана. Ингэж бодоод та өглөө ургах нарыг хараарай.
"-НАР БИДНИЙГ ЯМАР ИХ ХАЙРЛАНА ВЭ!"

Friday, January 11, 2008

Монголчуудын тухай..

Гарчигийг уншаад танд таагүй бодол орж ирсэн бол энд тэрний чинь тухай өгүүлэх гэж байна. Анзаараад байхад Монголчууд бид Монголчуудаа хүндэлдэггүй юм шигээ.. Аливаа хандлага маань ер нь л таагүй байдаг шүү дээ.. Бөглөрсөн машин зам дээр, оочерлосон өвчтөнгүүд, худалдагч худалдан авагч, үйлчлэгч үйлчлүүлэгч, микро, автобус ... хаанаас ч харж болно. Ер нь муулах юм мундахгүй шүү дээ.. Ингэж хэлж байгаа минь ч үүнийг баталж байна. Өөрөөр хэлбэл би өөрөө Монгол байж: - Монголчууд үргэлж бусдыг муулж байдаг гэж хэлж байгаа маань санаагаа давхар баталж байгаа хэрэг шүү дээ..
Бид яагаад бие биенээ, өөрсдийгөө хүндлэхээ больчихов?
Гуанзны зөөгчийг хямдхан цалинтай, надад үйлчлэх ёстой хэмээн дорд үзнэ. Зөөгч нь: хямдхан хоолны газар орж ирчээд маягтай, хоолоо хурдан захичихгүй, тэнэг юмнууд...
Нэг Солонгос хүн доорхи санааг ярьж байсан юм. Монголчууд зөвхөн малтай харьцдаг байсан болохоор хүнтэй харилцаж сураагүй гэж ... Малтай харьцахад хүндлэл хэрэггүй, морийг ганц ороолгоход л ухас хийнэ. Уул нь амархан боловч иймэрхүү аргаар хүүхэдтэй ч харилцаж болдоггүй. Харилцаанд хамгийн чухал зүйл нь хүндлэл гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Соёлтой, хөгжилтэй орнуудад (эсрэгээр бид бол бүдүүлэг буурай гэсэн үгүү? ) хүүхдийг ч яг л том хүн шиг хүндэлж өөртөө итгэх итгэл, бас бусдыг хүндэтгэх харилцаанд сургадаг мэт..
Цайны газрын зөөгч тантай дуугарч ядан ихэмсэг харьцсан ч энэ нь түүнийг хүнийх нь хувьд хүндлэхгүй байх шалтгаан биш. Биеэ биш хөдөлмөрөө үнэлүүлж байгаагийнх нь хувьд, танд дорд үзэгдээд ч хамаагүй амьдрах гэж зүтгэж байгаагынх нь хувьд та хүндлэх л хэрэгтэй. Та түүнийг хүндлэх юм бол тэр ч эргүүлээд таныг хүндлэх болно. Энд хүндлэлийг япон, солонгосууд шиг бөхөлзөж тонголзохыг, хятадууд шиг худлаа инээхийг хэлээгүй юм шүү..
Манайхан өөрсдөө болдгүймаа гэх байх. Тэр үнэн л дээ. Тэгвэл тэр чигээр нь хүлээж аваад л бие биенээ хүндлэе. "Монголчууд ийм ш д".. "гэж бодож буй" "Монголчууд" минь ээ.. Зүгээр л Монгол хүн бүрийг хүндэлж амьдаръя!
Тэгээд энэ зангаа "Монголчуудын тухай.." гэсэн гарчигийг уншаад сэтгэлд бахархал, омогшил, бардамнал төрдөг болтлоо хэвшүүлье!
Хүн бүрийг хүндэтгэн ёсолсон Bayasum.

Wednesday, January 9, 2008

Амьдрал юун дээр тогтдог вэ?

- Зиа! Амьдрал юун дээр тогтож байна даа ?..
Найз маань хол яваад ирэхдээ дандаа ингэж асуудаг юм.
Хайр эсвэл мөнгө гэсэн мөнхийн маргааныг түр хойш тавъя.
Асуултын логикоор бол амьдрал гээч нь өндөрт байрласан зүйл бөгөөд ямар нэг зүйл дээр тулж байдаг мэт.. Тэр тулгуур уначихвал амьдрал нь нурж таарах нь.
Доошоо тэмүүлж буй зүйл нэг цэг дээр удаан тогтож чадахгүй тул бид амьдралаа олон зүйлсээр дэмнэж тогтоодог. Та амьдралаа тогтвортой бас өндөрт авч явахын тулд сайн тулгуур олох хэрэгтэй. Амьдрал чинь "хүнд" байх тусам л бат бөх тулгуур хэрэгтэй. Бид заримдаа хэн нэгний амьдралаар ч тулгуур хийдэг шүү дээ. Дотно хүмүүсийн амьдрал бие биенээ түшиж байдаг.
Гол хэдэн тулгуурын нэг нь алга болоход амьдрал доошлон хазайж эхэлдэг ч үлдсэн олон жижиг гэмээр тулгуур дээрээ тогтох нь бий. Амьдралаа унагаачихгүйн тулд тулгуураа ч сайн бэхлэх хэрэгтэй.
Гэвч та амьдралаа олон зүйлээр бэхлэх хэрээр амьдрал чинь хөдөлгөөнгүй болж эхлэнэ. Жижиг гэлтгүй зовж бүтээсэн тулгуураа авч хаяхаас хайран санагдаж, амьдрал чинь тэдгээртээ баригдан нэгэн хэвийн байрандаа үлдэнэ. Залуу насанд хүний амьдрал янз бүрийн тулгуур дээгүүр өнхөрч явдаг ч амьдрал тогтохын хэрээр хураасан тулгууртаа дарагдан хөдөлж ч чадахгүй болно. Өөрөөр хэлбэл амьдралын тулгуур чинь амьдралын бас нэг ачаа болдог. Харин та онц шаардлагагүй тулгуураа авч хаях бүрийд амьдрал чинь хөнгөрөөд л ирнэ.
Энэ төсөөллөөрөө хайрыг аваад үзвэл: Хайр -амьдралын тулгуур биш мэт..
Хайрыг амьдралын өлгүүр гэлтэй.. Тулж түших юу ч үгүй байсан ч хайрандаа зүүгдэн амьдарч болох мэт.. Хамаг тулгуур нуран унасан ч хайрын шижим тасарчихгүй бол амьдрал байсан байрандаа л байна.. Гэхдээ болгоомжтой байхгүй бол хэврэгхэн өлгүүр хүнд амьдралыг даахгүй байх нь бий..
Эрхэм та: - Өлгүүр чинь тэгээд юунаас уяатай юм бэ? гэж асуух гэж байна уу?
- Хайр бол тэнгэрээс уяатай байдгиймаа..

Tuesday, January 1, 2008

Том хүн & хүүхэд болох хүслэн

Нэгэн цагт 10 жилийн дүү нарт яриа хийж байсан сэдэв.
Монгол улсын хүн ам 2 500 000 гэдэг нь зөвхөн насанд хүрсэн иргэдийн тоо билээ. Монгол нутагт Монгол эхээс мэндэлсэн Монгол хүүхдүүдийг хүний тоонд оруулдаггүй. Тэд хүн мөн үү? Биологи талаасаа хүн (homosapiens) мөн боловч ухамсар болоод эрх зүйн талаасаа хүн хараахан биш бололтой. Өөрөөр хэлбэл оюун ухааны хувьд хүн болоогүй гэсэн үг. Зарим хүүхдийг томчууд томоожсон хүүхэд гэдэг. Хариуцлага хүлээх чадварыг нь үнэлсэн хэрэг байх.
Хүүхэд бол өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадваргүй "хүн" юм. Хариуцлага хүлээх чадваргүй эсвэл боломжгүй хүн эрх эдлэх боломжгүй билээ. Эрх чөлөө хариуцлага хоёр нэг ойлголт, яг л зоосны хоёр тал мэт салшгүй ухагдахуунууд юм. Хүн хязгааргүй эрх чөлөөтэй, эдлэх эрх чөлөөтэй нь тэнцүү хэмжээний хариуцлагаа үүрч явдаг. Харин хүүхэд бол эрх чөлөөгүй. Тэд төрүүлсэн аав ээжийнхээ өмч нь юм. Учир нь аав ээж нь тэдний өмнөөс хариуцлага хүлээдэг. Хариуцлага нь эрх мэдэл авч ирдэг билээ.
Гэвч хүн л болсон хойно хүүхдэд ч гэсэн төрөлхийн (Бурханы бэлэг) эрх чөлөөний мэдрэмж, тэмүүлэл байдаг. Эрх чөлөө гэдэг хаах, хориглох тусам улам л амт, хүч зориг ордог шидтэй.
Тэд эрх чөлөөгүй байгаагаа томчуудтай харьцуулж харна. Том хүн бол хүссэнээ хийж, хүссэн тоглоомоо худалдан авч, хүссэн үедээ гадаа тоглож чадна. Тэд хүссэнээ л хийдэг. Хүүхдийн хувьд том хүн болох хүслэн нь үүнээс улбаатай болов уу.. Өөрөөр хэлбэл хүүхдийн том хүн болох хүсэл нь эрх чөлөөний анхдагч тэмүүлэл ажээ..
Миний бодлоор тамхи татдаг хүмүүсийн 90% нь хүүхэд байхдаа орсон байдаг мэт. Хүүхэд том хүн болох гэсэндээ тамхи татдаг. Учир нь томчуудын хүүхдээс ялгардаг зүйл нь архи, тамхи шүү дээ.. нүдэн ил байдаг бусад бүх хэрэглээнд ялгараад байх зүйлгүй. Хүүхэд тамхи нууцаар татаж байх үедээ өөрөө өөрийгөө хариуцаж, өөрийнхөө өмнө мэдэлтэй байж, шийдвэрийг бие даан гаргаж буй эрх чөлөөний мэдрэмж нь магадгүй мансуурхаас амттай байдаг байх. Тэд яг л том хүнийг дуурайдаг. Пээдэг пээдэг алхсан юугаа ч мэдэхгүй нусгай, мангар бацаануудыг юу ч гэмээр юм бэ дэ..
Хүссэн хүсээгүй нэг мэдэхэд том хүн болно. Аав ээж зөнд нь орхиж, өөрийн өмнө, бас бусад хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж эхлэнэ дээ. Эрх чөлөөтэй болохын хамт л хариуцлагад баригдана. Сурч мэдэх, ажил хийх, мөнгө олох, амьдралаа авч явах, асарч тойлох гээд бөөн ачаанд түүртэх үедээ юунд ч санаа зовохгүй, хамаг юм нь бэлэн жаргалтай хүүхэд нас нь санагдаг шүү дээ.
Эрх чөлөө хэзээ ч дангаараа байдаггүй.. Хийсэн сонголт бүрийн минь ард хариуцлага нь дагаж явдаг.