Saturday, January 19, 2008

өдрүүд..

Хотод өссөн хүүхдүүд мөнгөтэй. Талхны хариулт, автобусны мөнгөнөөс цуглуулсаар өөрийн мэдлийн мөнгөтэй болчихно. Харин хөдөө мөнгөний хэрэг бараг гардаггүй болохоор хөдөө суманд өссөн хүүхдүүд мөнгөгүй байдаг. Усаа голоос авчина, талхаа өөрсдөө барьчихна, автобус байхгүй... Хүүхдүүдийн хувьд баяраар л ганц мөнгөтэй болдог тул баяр бол "баяр хөөр" байлаа..
Манай сум баруун, хойд хоёр эгнээтэй. шинийн нэгэн хоёронд багтаан бүх айлаар орж дуусгана даа. Шинийн 3 -нд орхигдсон цөөн айлаар шинэлж дуусаад орлогоо бодоход төлөвлөгөөндөө хүрдэг л байсийн.
Харин хүүхдийн баяр, наадмаар ээж мөнгө өгнө. Гоё хувцасаа өмсөөд мөнгөө хармаалаад наадам үзэхээр, наймаа хийхээр гарна даа.. Бөөн баяр хөөр! хүүхдийн баяр хөөрийг юутай ч зүйрлэхэв дээ..
Эртнээс авна гэж төлөвлөсөн, мөнгөгүй ч байн байн орж лангууны цаанаас ширтдэг, үнийг нь мэддэг мөртлөө л асуудаг байсан бялтан буу, пуужин хийдэг эмгэн сам, резинэн буунд хийдэг цагаан резин бас наадмаар л үзэгддэг амттан, ундааг авахаар мөнгөө тооцоолно. Хүүхдүүд мөнгөө янз бүрийн зүйлд зарна. Зарим нь олон гоё юм гэнэт харсандаа догдлон харсан болгоноо шууд авна. Тэгээд наадмын эхний өдөр мөнгөө дуусгачихаад маргааш нь морины тоосонд дарагдсан амьтан явна. Зарим нь болохоор дараа гоё юм авна гэж гүрийгээд мөнгөө өөрөөсөө харамлан хажууд шүлсээ залгин зогсоно.
Дэлгүүрт ороод хүсэн хүлээсэн зүйлээ мөнгөөр сольж авах нэг л сонин, гоё..

Яг л үүншиг бид орчлонд хармаа дүүрэн өдрүүдтэй иржээ. Баяраар ээжийн өгдөг мөнгө шиг л надад зөндөө байгаа өдрүүд..
Урьд нь надад байсан өдрүүдээр би зөндөө зүйлийг сольж авчээ.. Хүнд өгчихсөн, зүгээр л хаячихсан, эсвэл ямар ч хэрэггүй юмаар сольчихсон зөндөө өдрүүд байгаа ч ихэнхи өдрөө хэрэгтэй зүйлээр сольсон юм шигээ..
Нилээн их өдрүүдийг найзынхтайгаа нийлүүлж байгаад тоглоомоор сольцон, бас нилээдийг номонд зарцуулсан, бараг 3000 -д өдрөө өгч байж боловсролтой болсон гэх мэт.. Зарим өдрийг маш гайхамшигтай зүйлээр сольсон. Бас зарим өдрийг муухай зүйлээр сольчихоод тэр муухай юм нь бусад өдрүүдийг маань ч муухай болгосон нь бий..
Одоо бодоод байхад нэлээн их өдрүүдийг дэмий зүйлд зараад эсвэл алга болгоцон юм шигээ.. жишээ нь 2007 оны 1 сарын 19 гэдэг өдрийг яаснаа огт санадаггүй.. Гэхдээ яахвээ.. надаа цаана нь зөндөө өдрүүд байна.
Өдөр болгон адилгүй. Зарим өдрүүд утаатай, харин зарим нь их онцгой. Тийм өдрийг гамнаж байгаад их сайхан зүйлээр сольдийн. Жишээ нь ээж надаа энэ бүх өдрүүдийг өгсөн өдөр байна. Намайг ийм өдрүүдтэй болсонд нь, тэр өдрүүдээ өөрсөнд нь хайр гамгүй зарцуулдагт нь болоод найзууд маань энэ өдрийг тэмдэглэдэг. Би ч ялгаагүй..
Өнөө өдрийг л гэхэд ажлыхантайгаа нэг сургалтанд сууж, өдрүүдийн тухай блог бичихэд зориулж байна. Маргааш цоо шинэ нэг өдрөө задлана даа.. Юу ч бичээгүй шив шинэхэн дэвтрийн цаас шиг өдөр. харин юунд зарцуулдын билээ..
Ер нь бол өдрүүдээ юугаар солихоо урьдчилаад төлөвлөсөн нь дээр л дээ..
Хэдий надаа өдрүүд зөндөө байгаа ч гэсэн эднүүс маань нэг л "өдөр" дуусч таарна. Хэрэгтэй зүйлд, хайртай хүмүүсдээ, эргээд харамсахааргүй үр дүнтэй зарцуулах юмсан даа..
Гай болж голд унаад хамаг өдрөө живүүлчих ч юм билүү..

Үлдсэн өдрүүдээ уг нь хайртай хүндээ зориулахаар хадгалаал байгаан. Тэрийгээ олох гэсээр байтал хамаг гоёууд нь дууслаа..


жич: Өдрүүдийн тухай Groundhog Day гэдэг гоё кино бий. үзээрэй..

9 comments:

  1. chi surhii huu bn shuu,gehdee bitgii ongiriiroi

    ReplyDelete
  2. Энэ үгээ үе үе сануулж байхыг танаас гуйяа!

    ReplyDelete
  3. Олж амжаагүй яваа юм уу? хаана хүлээцэн суужийгаам бол :) нээрээ нэг хэдэн өдөр хаячиж.. хайран юм.. одоо үлдсэн хэдэн өдөр нь хүрэхгүй болчоод байдаг :(

    ReplyDelete
  4. өдрүүдийг нийлүүлбэл их үнэд хүрдгийн.. Болж өгүүл цуглуулж байгаад бөөнд нэг юмаар солиж авуул үнэд хүрнэ. Бусад хүмүүсийн өдрүүдтэй нийлүүлбэл бүр ч сайн..

    жич: Нэг сайхан "өдөр" олох байхдаа.. ;)

    ReplyDelete
  5. 1 сарын 19-нд Даваагийн хурим болсон билүү? Тэрэн дээр чи ерөөсөө уугаагүй гээд байсашд...

    ReplyDelete
  6. өө !! тийш д . ашгүй нэг өдрөө олчлоо.. Баярлалаа Баагии!

    ReplyDelete
  7. Өдрүүдээ хадгалжил бай. Нэг л өдөр олно. Олно ч юу байхавээ. Чи олчихсон л байгаа байх.......

    Warm Regards
    Simone

    ReplyDelete
  8. Yagaad hamag goyud ni duuslaa gej .. Bgashd
    Z

    ReplyDelete
  9. "олчуул" ч байгаа бүх өдрүүд нь гоё болчих байх л даа.. ;)

    ReplyDelete