Sunday, January 27, 2008

Эрхэм чанар

Хүн бүр ямар нэгэн зүйлд дуртай байдаг. Юунд ч дургүй хүмүүс нь амиа хорлочихдог болохоор бараг бүгд ямар нэгэн зүйлийг эрхэмд үздэг. Үзэл бодол, эх орон, ээж аав, анд нөхөд, алдар суутан, ном, дуу хөгжим гээд юу эсийг хэлэхэв. Аливааг эрхэмлэж үзэх нь өөрөө эрхэм сайхан чанар билээ. Эрхэмлэж буй зүйлс минь биднийг эрхэм болгодог. Өөрөөр хэлбэл эрхэмд үзсэн зүйлдээ өөрийгөө хамаатуулж, тэрэндээ ойртож байгаа хэрэг юм даа.. Хүмүүс сайн сайхан зүйлтэй өөрийгөө хамаатуулахыг хүсдэг шүү дээ. Дагвадоржтой адилхан Монгол хүн гэдгээрээ ч юмуу бахархах хэрэгцээ.. жишээ нь Блогд дуртай байна гэдэг нь би өөрийгөө блогд хамааруулж байна буюу би өөрөө блог болж байна гэсэн үг. Тэгээд блогтой хамаатай яриа бүхэн надтай хамаатай мэт болж эхлэнэ. Блогийг муулбал уур хүрнэ, өмөөрнө, магтвал санаа нийлэн баярлана.
Тэгэхээр хүний эрхэмд үздэг зүйлсийг муулах хэрэггүй юм. Тэр хүнийг өөрийг нь муулсантай ялгаагүй болно. Хичнээн тэнэг хамтлаг байсан ч доош нь хийхээсээ өмнө эргэн тойрны хүмүүсээсээ хэр дуртайг нь асуучих нь дээр.. Гала хамтлаг, дуучин Гантулга -д дуртай гэж хэлээд шоолуулж байсан тухай бичлэг уншиж байсийм. Надад ч ялгаагүй дуртай номыг минь, Баабар гуайг муулахаар таатай санагддаггүй..
Дуу хөгжим ч тийм сүртэй эд биш. Харин хүнийг өөрийг нь тодорхойлдог үзэл бодлыг шүүмжлэхдээ ихэд болгоомжтой хандах хэрэгтэй мэт. Хамаг итгэл үнэмшил, амьдралын утга учир болсон үнэнийг нь үл тоомсорлоход л ихэд хүндээр тусгаж авч байхад нь эсэргүүцэн доромжилж, хүчээр дарна гэдэг байж болшгүй. Тэр үзэл бодол нь үнэхээр буруу байсан ч ялгаагүй. Үзэл бодолд нь халдана гэдэг хүнд өөрт нь халдсантай ялгаагүй.
Санаанд үл нийцэх хэрэг найм ес буй
Хүмүүний зүг хэлвээс нэгэн хоёр үгүй..

No comments:

Post a Comment