Friday, March 21, 2008

...


Ухаан зүггүй шүтсэн бага ангийн хоёр охин тоглож байхтай таарч билээ.. бүр бие биенээ Болороо, Ану гэж дуудаад л.. аймарр..

Клипийг нь үзлээ. Бяцхан дүү нарт минь биш "Том" хүүхдүүдэд зориулж дуулсан юм шиг байна. над бол "Зөвхөн насанд хүрэгчдэд" гэчмээр л санагдлаа..

Monday, March 17, 2008

Гуга

Хүн маш олон хүчин зүйлээс хамаарч төлөвшдөг. Жишээ нь намайг үүсгэсэн сперматозойд жаахан хоцорцон бол өдийд яг би байх байсан уу? гэх мэт сонирхолтой асуултууд байдаг. Хэрэв би гадаадад төрсөн бол одоо байгаагаас хэр өөр хүн байх бол? Төрж өссөн орчин, эцэг эх гэх мэт бид өөрсдөө сонгодоггүй хүчин зүйлсийг орхъё. Жишээ нь би ном уншдаггүй байсан бол одоо байгаагаас огт өөр л хүн байхсан биз. Энэ талаар бодох тусам хүнд эхээс авч төрсөн шинж чанар нэлээн бага мэт санагдхийн. Хүнд гэр бүлийнхэн нь ихэд нөлөөтэй байдаг тухайд Нана бичсэн байгаа. Хүн бүр өөрийг нь тодорхойлдог шинж чанараа гадны ямар нэгэн зүйлээс л төлөвшүүлж авсан байдаг мэт.. Миний хувьд одооны би –г таньж авахад нөлөөлсөн хэд хэдэн хүн, бас ном байдгийн нэгийг энд танилцуулах гэсэн юм.
Эрхэм ахын алдрыг Хурметбек (Гуга) гэнэ. Эрэлхийллийн уран зохиол нэртэй оны шилдэг ном шалгаруулах тэмцээнд 3-т орсон “Үл бичигдмэлүүд” номоор нь хүмүүс таних байх. Баабар гуай “Дори идэр дүүдээ” номондоо уншихыг санал болгосон байна лээ. Би ч санал болгох байна. Номноос авч үлдэн надад нөлөөлсөн чухаг зүйлсийн нэг нь сэтгэлгээний эмх цэгц болон логиктой сэтгэхийг хичээх болсон зэрэг юм. Урьд нь философийн сүрхий ном уншиж яваагүй болхоор “ангилал зүй”, “хэмжил зүй”, “санагч” зэрэг ойлголтуудыг энэ номноос анх гүнзгий бодолхийлсэн билээ. Аливаа хүнд өөрт таалагддаг, хүндэлдэг хүнтэйгээ адил нийтлэг зүйлтэй байгаагаа мэдрэх нь сайхан санагддаг шүү дээ. Зарим нь бүр муу талуудаараа ч хамаагүй адил байх гэдэг. Жишээ нь муу Гамп-тайгаа нэг ч болтугай зүйлээр холбоотой шүү гээд бодохоор нэг л өег. Гуга ах бид хоёрын хооронд ч адил зүйл олон байх мэт санагддийн. Нэг сургуульд ижил мэргэжлээр тэхдээ бүр ихэд сонирхолтой сайхан мэргэжилээр сурсан, физик, логик, электроник, философи зэрэг сонирхдог, боддог зүйлс ч төстэй мэт..
Үүнийг бичих болсон учир нь эрхэм ахыг блог бичдэг байх гэж горьдон битүүхэн хайж явсаар олсон явдал юм. Мундаг хүмүүсийн мундаг номнууд байдаг л даа. Гэхдээ юунд ч баригдалгүй, хэнээс ч ишлэлгүй өөрийн бодлоо гайхалтай эмх цэгц, логиктойгоор тэгээд электрониктой холбон өгүүлсэн нь надад чухам нэг таалагддаг болно. За ингээд олон үгээр юүхэв. Та бүгд өөрсдөө сонирхоцгоо..

Sunday, March 9, 2008

Шинэ өглөө


өглөө..
үг нь хүртэл гоё сонсогдхийн..

- Миний хөө! босоорой, өглөө болчихлоо! ...

Ямар ч зовиургүй, сэргэг, амгалан тайвнаар нойрноос сэрэх хамгаас сайхан... Яг л Frodo шиг..

Thursday, March 6, 2008

Харьцуулах үйлдэл

Хурметбек-н "Үл бичигдмэлүүд" -д тодорхой гардаг болохоор нэмж юм хэлэхэд хэцүү л байна. Түүн дээр харьцуулж болдоггүй зүйл байхгүй хэмээн гардаг. Учир нь бүх зүйл хоорондоо ялгаатай шүү дээ. Бурханыг ч харьцуулж болно.
Сайн харьцуулалт хийхэд сайн шалгуур хэрэгтэй ба сайн шалгуурыг өөрийг нь бас "харьцуулж" байж олж авна. Энэ талаар халти бичсэн юм бий.
Харин зарим зүйлсийг харьцуулахад хэцүү. Хайрыг, дотно хүмүүсээ, хийсвэр зүйлсийг харьцуулахад хэцүү.. өөр олон л юм байгаа байх. Жишээ нь ээж, эхнэр, хүү гуравынхаа аль нэгийг хавцлаас шидэх сонголт хийлгэх гэх мэт.. Иймэрхүү харьцуулалтаас зугтсанаараа би бөөрөнхий болно (цаашлаад тамд унана. Данте). Бөөрөнхий гэдгийг бөөрөнхий бишүүдтэй нь "харьцуулж" мэднэ..
Харьцуулах үйлдэл сайн муу хоёр талтай мэт. Яагаад гэвэл харьцуулалтаар сайн муу хоёр зүйлийг "гарган авдаг". -Энэ бол сайн зүйл гэж хэлэхдээ бид үлдсэнийг нь муу болгоно. Хоёр ижилхэн сайн зүйлийг ч хооронд нь харьцуулаад нэгийг нь нөгөөгөөс нь муутгаж болдог.
Нөгөө талаар муу зүйлс байгаагүй бол бид сайныг ялгаж чадахгүй шүү дээ. Жишээ нь би хамгийн үзэсгэлэнтэй сармагчингаас царайлаг гэх мэт..
Ер нь ч аливаа үнэлэмж ийм байдлаар тогтдог байх.. Тэгэхээр би эрхэм зүйлсийг минь улам үнэ цэнэтэй болгож буй харанхуй бүхэнд талархах хэрэгтэй юу?
Өмхийтэй харьцуулснаар сарнайн үнэрний сайхан улам тодорно. Тэгвэл бүх зүйл нь сайхан байдаг диваажинд хүмүүс унгадаг болов уу? Унгасан ч сарнай үнэртдийн бол уу? аягүй бол бүгд цагаан хоолтон байгаадаа.. Өмхий үнэртэхгүй юм чинь сарнайн сайхныг яаж мэдэхүү? Муу зүйл байхгүй юм чинь сайн зүйл ч байхгүй тэрхүү диваажинд хүсэл төрөх болов уу? Нэгэн хэвийн учраас сонголт байхгүй. Сонголт байхгүй бол эрх чөлөө ч байхгүй..
Тийм газар луу яагаад тэмүүлдэг байнаа гэжүү? Там -тай харьцуулсан учраас шүү дээ.. Зарим нь бүр энэ амьдралтайгаа харьцуулаад өндөр дээрээс явчихдаг..

Хамаг нүгэл харьцуулалтаас эхэлсэн гэдэг сургаал байдаг.
Библи -д гардагаар бол Люцифер (тэнгэрийн элч) могой болон хувирч Ева -г уруу татдаг. Ингэх болсон шалтгаан нь Бурханы Адамыг хайрлах хайр өөрийг нь хайрлах хайраас илүү байжээ..
Харьцуулалт хийсэн Люцифер (сатан) -ийн буруу юу? Эсвэл эхэлж "харьцуулалт" хийсэн Бурханы буруу юу?
Сайн зүйлийг таньж, олж авсны хөлс нь харьцуулагдсан муу зүйлс гэж хэлж болохоор.. Анд нөхдөө бусдаас нь эрхэмд үзсэний төлөөсийг үлдсэн хүмүүс төлдөг. Маш олон дотно сайхан найзуудын минь үнээр бүтсэн болохоор наддаа эрхэм байхаас ч аргагүй юм.
Хүнийг хэмжинэ гэдэг муухай зүйл.. Тэр дундаа найзуудаа дугаарлана гэдэг адгийн зан.. Гэсэн ч энэ бүгдийг хийдэг буруугаа харьцуулах үйлдэл рүү чихэх үү?
Бид үнэнийг харьцуулж л таньж мэддэг шүү дээ. Нөгөө талаар харьцуулах зүйлгүй бол үнэнийг хэрхэн таних вэ?
Харьцуулалтаас хандлага тодорно.. Хэрэв хэн нэгэн эхнэрээс минь илүү санагдвал яахуу? (түй түй.. ) Тэхээр эрхэм нандин, хувиршгүй байх тэр л зүйлсээ "харьцуулашгүй" өндөрт нандигнах хэрэгтэй гэж зөвлөх байна. Харин харьцуулашгүй тэр зүйлсээ харьцуулж байж л олж авна даа..
Юмс тодорхой болж буй нь сайн боловч энэ тохиолдолд тодорхойгүй байх нь хэрэгтэй буюу дотно хүмүүсийн харилцаа тодорхойгүй байсан нь дээр. Тодорхойлно гэдэг цаанаа харьцуулах үйлдэл хийж байдаг. Нөгөөтэйгүүр тодорхойлно гэдэг хязгаарлана гэсэн үг (Спиноза) гэж афоризм бий. Энэ тухай удахгүй бичимз.. Ямартаа ч блогийг минь бусадтай нь бүү харьцуулаасай хэмээн хүсэх байна.
Энэ хүртэл "<" , ">" харьцуулах үйлдлийн тухай байлаа. Цаана нь "=" гэсэн үйлдэл бий. Бидний амьдран буй орчлон ертөнцөд бүх зүйл тэнцвэрт оршдог гэж боддийн.
F = (-F )
Өмхийг сарнайтай харьцуулсан нь сарнай сайхан үнэртэй гэдгийн баталгаа болж чадахгүй. Миний танил Дондог хэмээх ялаанаас асуугаарай. Олонхийн санал энд хамаагүй. Тэгээд ч тэд хамаагүй олуулаа.
Сайн зүйлс харьцуулах шаардлагагүй, дангаар, өөрийн мөн чанараар оршдог энэ тэр гээд зөндөө философи байдаг ч надаа бол хүн өөрөө бүхний хэмжүүр гэдэг үг илүүтэй таалагддаг.
Хүн л харьцуулалт хийнэ шүү дээ.. Тэрнээс биш сарнай ч ялгаагүй өмхийг бүрэлдүүлдэг атомуудаас л тогтоно. Бүх зүйл ялгаагүй, тэнцүү.. (Тэнцвэрийн талаарх бодлоо тусад нь бичмээр санагдлаа..)

Бид харьцуулах их дуртай.. Хот хөдөөгийнхөн, гадаад дотоод, эр эм, эрт эдүгээ гээл...
Эцэст нь харьцуулалтын үр дүн гэдэг хийж буй ганц, хийлгүүлж буй хоёрт ихээхэн хамаатай, нөлөөтэй байх тул болгоомжтой, мэдрэмжтэй, ухаалаг, хариуцлагатай байгаарай л гэж ерөөе дөө..