Friday, April 4, 2008

Төлөвлөгөө

Блогтой болсны дараахан ийм нэг төлөвлөгөө гаргаж билээ.
- Монтень - эсээ

- Нөхөрлөлийн тухайд
- Эрх чөлөө
- Үнэт зүйлс
- Шалгуурын шалгуур
- Төрийн төлөө оготно
- Хэлц үгс
- Үнэний тухайд
- Луугийн хүчин
- Мэдрэмж
- Дотно хүмүүс харилцаагаа тодорхойлохдоо болгоомжтой байх тухайд...
- Бөгжний эзэн
- Биднийг аз жаргалтай болгодог зүйлс
- Бражелоны бээл буюу 10 жилийн хойно

Уг нь анх их л гоё юм бодож өгсөн нэрс. Хэн нэгэнд хүлээлт үүсгэсэн байж магадгүй. Аливаа зүйлийг хэрхэн авч үзэх нь төсөөллөөс ихээхэн хамаардаг болохоор (Монтень) зайлшгүй нүүр тулах зүйлсийнээ хувьд доогуур үнэлэмж өгөх уг нь зүгээр байдаг.

Нэгж цаг хугацаанд аль болох олон үйлдэл багтаахын тулд бид үйлдлээ зайлшгүй дарааллуулж төлөвлөх хэрэг гардаг. Цаг хугацааг үр дүнтэй ашиглах, хийж буй зүйлээ дуусчихаад дараа нь юу хийхээ мэддэг байх гэх мэт төлөвлөгөөний ашигтай талууд зөндөө л байх биз.. Гэвч...
Төлөвлөх гэдэг нь нэг талаар ирээдүйд эдлэх сонголтын эрх чөлөөгөө урьдчилаад одоо эдэлчихэж байгаа хэрэг юм. Тэгснээрээ бид ирээдүйд эрх чөлөөгүй болж орхино.
Оюутан байхдаа нэг удаа айхавтар төлөвлөгөө гаргаж билээ. Өөрт байгаа бүх цагаа төлөвлөж, амьдарч үзэв. Жишээ нь 7 хоногт 168 цаг бий. Үүний 50 цагт унтана. Сурах цаг 10, хичээлд суух 10, бие даалт 5, идэх 14, бүтээлч цаг- 2, ном унших 4, угаал үйлдэх -3 ... гэх мэтчилэн, бүр дүгнэх цагий нь хүртэл гаргаж байхав.. тэгээд хурал семинарын шахуу хөтөлбөр шиг цаг минутаар нь зоогоод, цаг болгон дээр нь хийх зүйлсээ, материалтай нь бэлдэж төлөвлөөл..
яг энэ хөтөлбөрөөрөө ганц 7 хоног л яс амьдарсан байх. Учир нь энэ төлөвлөгөө эрх чөлөөг минь боомилоод байх шиг санагдаад тэсвэрлээгүй юм. Би өөрөө өөрийгөө эрх чөлөөгүй болгоод байлаа.
Гэтэл бүр амьдрал нь бүхлээрээ, минут секундээр төлөвлөгдсөн завгүй хүмүүс байдаг шүү дээ.. ямар нэг зүйл төлөвлөөгүй цаг нь хүртэл төлөвлөгдсөн. Төрийн түшээд, завгүй бизнесменүүд, япон, германчууд гээд л .. нэг бодлын эрх чөлөөгүй хүмүүс.. Гэхдээ Монгол хүний цагийг үнэлдэггүй, наазгай чөлөөтэй байдлыг эрх чөлөөний мэдрэмж гэж хэлж байгаан биш шүү. Тэдгээр ажилсаг хүмүүс эрх чөлөөгөө хариуцлагаар сольсон юм. Эрх чөлөө хариуцлага хоёр зоосны 2 тал шиг л нэг бүхэл ойлголт билээ.
Энд төлөвлөгөөнөөс илүүтэй эрх чөлөө гэсэн сэдэв яригдаад байна. Эрх чөлөө гэдэг бүгд мэддэг юм шиг боловч хэцүүхэн ойлголт шиг санагддийн. Юуг эрх чөлөө гэх вэ? Юу ч хийхгүй байх нь эрх чөлөө юу? Эрх чөлөө "байдаг" уу?
Эрх чөлөө... Эрх чөлөөг мэдрэх, Эрх чөлөөг эдлэх .. Төлөвлөгөө нь эрх чөлөөг боогдуулж буй нэгэн жишээ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг юм.

Одоо цагаас ирээдүй цаг руу хандсан хүний хандлагыг илэрхийлэгч үгнүүдийг "дарааллаар" нь жагсаавал: Хүсэл -> мөрөөдөл -> зорилго -> зорилт -> төлөвлөгөө -> заавар -> тушаал ...
Илэрхийлж буй утгын өөрчлөлтийг анзаарсан бизээ..
холоос ойр, ерөнхийгөөс тодорхой, эрх чөлөөнөөс хариуцлага, романтикаас прагматик ...

жич: дээрх сэдвүүдээр бодлоо хуваалцан өөрсдийн блогтоо бичвэл ихэд талархан унших болно шүү..
жаахан будаа идэх санаатай

2 comments:

  1. төлөвлөгөө, эрх чөлөө гэснээс миний бодлоор хамгийн гол нь тухайн хүн минут тутмаа төлөвлөөд цагийг үр ашигтай өнгөрүүлснээрээ өөртөө сэтгэл хангалуун үлдэж байна уу эсвэл эрх чөлөөгөө эдлээд төлөвлөгөөнд баригдалгүй байснаараа аз жаргалтай байна уу гэдэг нь илүү чухал байхаа гэж бодож байна.

    ReplyDelete
  2. тийм шүү.. зарим хүнийг хариуцлага аз жаргалтай болгоно, харин заримыг нь эрх чөлөө..

    ReplyDelete