Tuesday, January 19, 2010

Бясалгал

Стивен Ковейг хүмүүс шүтэж, дагах тусам жийрхэх ч шиг санагддаг байж билээ. Цэвэр сайн сайхнаас бохир хүмүүс дөлдөг шиг л.. бас өөрчлөлтөөс айсан тал бий. Өнөөдрийн би нэг ном уншаад маргааш өөр хүн болчуул өнөөдрийн би яахын? кк.. Энэ мэтийн ухамсарлаагүй маанаг бодол мэдрэмжүүд өнгөрсөний тэр Баясааг хэсэг л чирч явсандаа.
Өөрчлөгдөшгүй зүйл үнэ цэнэтэй байх тал бий. Гэхдээ энэ нь итгэл, үнэнч байдал мэтийн эрхэм чанаруудад л хамаатай болохоос мунхаг байдлыг улам л дордуулж таараа. Угаасаа ч бүх зүйл өөрчлөгдөнө шүү дээ. Чухам хөгжих эсвэл доройтохыг хүн өөрөө сонгоно. Харин энэ сонголт хийхэд л хамаг учир нь байна даа. Хүнийг ер нь л нөхцөл байдал нь тодорхойлдог. Би ч ялгаагүй нөхцөл байдалдаа захируулчихаад үүнийгээ ойлгох санаатай сууж байна. Амьдран буй орчин, гэр бүл, найз нөхөд, дадал зуршил, зан чанар, нийгэм гээд л би лавдаг асар хараат байдалд оршиж байна. Урьд нь үүнийгээ детерменистик үзлээр тайлбарлачихаад, сонголт хийх гэж зовохгүй амар ч юм шиг, нэгэнт сонголт хийгээгүй юм чинь хариуцлага хүлээхгүй амар ч юм шиг, сонголт бүхэн нь бусад зүйлээс хамаардаг болохоор сонголт байхгүй амар ч юм шиг, ер нь л явж явж амьтан ч юм шиг.. Миний сонголт бусдаас хамаардаг бол тэр эрх чөлөөт сонголт байж чадахгүй, улмаар сонголт хийх боломжгүй гэж бодоод явтал... Тэгээд ийм байгаа нь надаас бас л хамаарахгүй юм шиг бодоод явтал ... Би анхнаас нь л ийм байхыг сонгочихсон юм байна.
"Нөхцөл байдал, үр дүн хоёрын дунд зай байдаг. Тэнд сонголт хийх эрх чөлөө оршдог" Ковей.
Нөхцөл байдал ямар ч байж болно. Үр дүн болгон түүнээс шалтгаалах албагүй. Би сонголт хийснээр хүссэн үр дүнгээ авч болох нь. Тэрхүү дундах зайнд нь "Би" өөрөө оршиж байж сонголт хийж чадна. Энэ гайхалтай биш гэж үү..
Гэвч энэ шууд хэрэгжүүлэхэд аргагүй хэцүү юм байна. Би өөрөө нөхцөл байдлын үргэлжлэл болчихоод, эсвэл нөхцөл байдлынхаа үр дагавар нь болчихдог. Учир нь миний хувьд өнөөх зай их бага юм байна. Бусдаас хамааралтай амьдарч ирсэн нийгмийн бүтээгдэхүүн би сэтгэл, бодол, итгэл үнэмшил, зан чанар, дадал зуршилдаа сонголт хийх эрхээ алдчихаж. Эдгээр нь намайг эхнээсээ л дарангуйлж, стивен ковейг ч уншуулахгүй ингэтэл удаажээ. Би ч эдгээр итгэл үнэмшил, зан чанар, дадал зуршил, хүсэл сонирхолоо "би" хэмээн эндүүрч явж. Одоо хурдхан л өөрийгөө энэ бүгдээс салгаж авах минь. Энэ бүх хүлээснээс ангижирсанаар би жинхэнэ эрх чөлөөгөө олох болно. Шувуу шиг л. Үүнд туслах хамгийн шилдэг арга бол бясалгал ажээ.
Эго чи сонс! Би бясалгалаа өдөр бүр хийх болно.

Энэ бүхнийг ойлгуулах гэж хамаг бүхнээ зориулсан, стивен ковейг уншуулсан, шри шри бясалгалд явуулсан, хайртай эхнэртээ хязгааргүй талархаж байна.