Saturday, January 29, 2011

жаргал зовлон жаргал..

Нэлээн дээр зангга -н блогоос зовлон жаргалын тухай уншсан юм. Дракула гүнтэн олон ядуусыг байшинд хийгээд шатаажээ. Учир нь ядуус зовлонгоосоо салахыг хүссэн байна..
Бидний нийтлэг ойлголтоор хүсэл биелэх үед төрөх мэдрэмжийг л жаргал гээд байх шиг. Тэгтлээ их хүсээгүй байхад тохиолдсон сайн сайхан зүйл жаргалтай санагдах уу? Харангадах шахсан хүн жижиг горхитой тааралджээ.. Тэр горхиноос ус уух үед чухам нэг жаргах шиг л болж. Ханатлаа ууж аваад цааш явтал мэлтэлзсэн цэнгэг устай нуур таарав. хэдий сайхан зүйл ч гэлээ тэгтлээ баярлаж жаргаагүй нь лав. Мөн зовлонтой ч биш.. цангаж байх үедээ өөрөөр хэлбэл усыг маш их хүсч байсан үедээ л зовлонтой байсан.
Хүсэл хэрэгцээнээс хамаарах энэ хоёр мэдрэмжийн дунд эргэлдсээр насыг элээх юм даа. Их автсан үедээ амьдралыг энэ хоёроор л ойлгож нэг рүү нь тэмүүлэх хэрээрээ нөгөөг нь нөхцөлдүүлнэ.
Гэтэл энэ хоёрын дунд шал өөр нэг орон зай байх шиг.. Хүсэлгүй, хүсэх зүйлгүй болсон хүн л байж чадах тийм орон зай. Тэр орон зайд орохиймсон гэдэг "хүсэл" нь өөрөө тэндээс холтгох шалтгаан болдог тийм нэг орон зай. тэнд л жинхэнэ жаргал байх биз.. Тэр жаргал бол зовлонгүй жаргал. Хэрэв тэрийг жаргал гэвэл одоо байгаа бидний амьдрал зовлон болж таарна. Тэгэхээр жаргал гэдэг нэр ч тохирохгүй тийм төгс төлөв байдал. Тийм байдалд өөрөөрөө дүүрсэн, өөрийгөө ухамсарласан хүн очиж чадах байх.. бүх зүйл өөрт нь байдаг хүн өөр юу хүсэх вэ дээ?
Ихэнхи хүмүүс хүсэлгүй болохыг хүсмээргүй зүйл гэж боддог. "Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг" гэсэн афоризм ч байдаг. Энэ бол материаллаг баялгаар л хүслээ гүйцээх гэж оролдсон хүний тухай яриа. Хүслээ хангах зүйлээ өөрөөсөө гадна, материаллаг баялгаас хайж, авч болох  бүх зүйлийг гүйцээсэн хүний хүсэл нь дуусаад амьдрал нь сонирхолгүй, уйтгартай санагдаж, залхана. Ийм хүн хүсэлгүй юм шиг боловч үнэн хэрэгтээ сэтгэл нь юуг нь мэдэхгүй нэгэн зүйлийг туйлаас их хүсч байдаг. Өөрсдөө ухамсарлаагүй сэтгэлийн гүнд байх энэ хүсэл тэднийг ийм зовлонтой болгодог биз. Хүсэл нь тодорхой бол хүн түүнийхээ төлөө тэмцэж аз жаргалаа бүтээнэ. Өнөө цагт материаллаг баялаг хүний нэг насны амьдрал хүрч гүйцэхээргүй олон янз болж шинэ зүйлсийг тасралтгүй бүтээн, тэр мэдээллийг нь бүгд авч байдаг болохоор нэг хүслээ гүйцэлдүүлэхэд өөр нэг хүсэл төрнө. тэдгээр хүсэлдээ ч хялбархан хүрч бяцхан жаргалыг амталсаар сайхан л амьдарцгааж байх шив дээ..

үргэлжлэл бий..