Tuesday, October 4, 2011

Мухар сүсэг

Миний сүсэг мухар эсэхийг би яаж мэдэх вэ? Мухар биш гэхээрээ яахыг хэлээд байна? 
Хэрэв би одоо Бурханд сунаж мөргөвөл миний энэ сүсэг мухар уу?
Би үнэнхүү сүсэглэж мөргөвөл мухар болох уу? эсвэл бага зэрэг эргэлзэнгүй мөргөвөл мухар болох уу?

твиттер, зарим нэг блогуудаар мухар сүсэг гэсэн шүүмжлэл нилээн сонсож байлаа. Тэгж шүүмжлэгсэд үнэндээ өөрсдөө сүсэггүй хүмүүс байдаг мэт. Ямар ч байсан лам нараас тийм шүүмжлэл сонсож байсангүй. Христ ч тэр, лал ч тэр.. Шашин болоод шүтлэг, сүсгийн талаар ямар ч туршлагагүй, өөрөө үзээгүй байж сүсэгтэн олны итгэл бишрэлийг яаж хэмжээд байна? 

Итгэл гэдэг гойд сонин зүйл. Энэ бол хүч чадал, эрхэм чанар, эхнэрийн маань хэлдэгчлэн хүний дотоод хөгжлийн хэмжүүр болдог аугаа зүйл. Ерөнхийдөө мэдлэгээр дамжин хүнд итгэл бүрэлддэг болхоор ихэнхи хүмүүс итгэл мэдлэг хоёрыг нэг зүйл мэтээр хүлээн авдаг. Итгэдэг зүйлээ мэддэг зүйл шигээ ярьдаг шүү дээ.. 
Бодитоор таньж мэдэх боломжгүй зүйлсийн хувьд итгэлээс өөр сонголт байхгүй. Үнэндээ бид бодитоор юуг танин мэдсэн юм бэ? 
Нийтийн ойлгодог шинжлэх ухаанаар тайлагдаагүй ч ард түмэн бүгд туршлагаараа, ш/у - аас арай өөр арга замаар мэдсэн олон зүйл бий. Хамгийн амьдралд ойр жишээ нь нялх хүүхэд ширгэлэх байна. Ажлыхантайгаа хааяа нэг баар орчихоод гэртээ ирэхэд тэр орой хүү маань зоолттой уйлдаг. Эсвэл жоохон бүтэлгүй, буруу явж байгаа хүн гэрт ирэхэд уйлна. Яаж ч аргадаад дуугай болохгүй уйлаад байгаа хүүхдийг ширгэлэнгүүт өргөс авсан юм шиг л дуугай болоод унтаад өгдөг. Тиймээс ч аль болох баар цэнгээний газраас дөлдөг. Энэ мухар сүсэг мөн үү?
Иймэрхүү зүйлс, бөө болон шашинд Монголчууд маш прагматик ханддаг. Машин эвдэрвэл засварчинд очдог шиг л бүтэлгүй явбал лам дээр очиж засуулдаг. Энд ямар ч мухар зүйл байхгүй. Далд буюу сүнсэн ертөнц маш бодитоор оршин байдаг. Бид мэддэггүй эсвэл мэдэж чадахгүй зүйлээ үгүйсгэж чадахгүй шүү дээ.. Харин ч түүнийг учир мэдэх хүмүүсээс сурч судалж амьдралдаа ашиглаж байгаа нь ухаалаг хэрэг болохоос яавч мухар биш.
Би хувьдаа итгэсэн учраас л байдаг биш байдаг учраас л итгэдэг гэдэгт итгэдэг.

Тэдний шалгуураар бол шашны философи үзэж метафизик судлахгүйгээр, хамаг амьтны төлөө биш хар амиа бодож ном уншуулж засал хийлгэхийг л мухар сүсэг гээд байх шиг.. 
Өөрөөр хэлбэл мухар биш сүсэг нь шашны философи судалж, арга дом, ном уншлага, арц хүж, маань мэгзэм зэрэгт итгэдэггүй хүнийг хэлээд байгаа бололтой. Чухамдаа бол ийм хүмүүсийг л жинхэнэ мухар сүсэгтэн гэлтэй..

Эзэн хичээвэл заяа хичээнэ. Эзэн өөрөө хичээхгүй байж ламаар заяагаа хичээлгэх гээд байгаа нь эзний бүтээлч бус арчаагүй зангийн буруу болохоос эзний сүсэг бишрэл, ламын арга домын буруу биш.
Санаа зөв бол заяа зөв гэдэг. Манай лам нарын хувьд буруу санаатай хүний заяаг нь засахаас илүүтэй санааг нь засдаг бол зүгээрсэн. Чухам үүн дээр л арга болоод хандлага, зорилго нь мухар юм даа.. Харин сүсэг бол яавч мухар биш шүү..
Гэр бүл, улс төр, ядуурал, түгжрээ, утаа гээд пигжирсэн хар стресс дунд байгаа манай сэтгэл зүйчгүй нийгэмд нэг бол бааранд очиж архи уух, эсвэл сүм гандан орох 2 л зам бий шүү дээ.
Ухаантай хүн болж үүнийг буруутгах, бурууг шашин руу, хүмүүсийн сүсэг рүү чихэх нь л мухар юм даа..

2 comments: