Monday, June 19, 2017

Мэдээллийн технологи..

       Нийгэмд бугшсан энэ бүх асуудал: авилгал, шударга бус зүйлийг арилгаад байхгүй болгочихвол мөн сайханаа. Энэ улс орон минь сэп хийтэл хөгжих байхдаа гэж.. даанч..

Хэн нэг хүчтэй шударга хүн гарч ирээд энэ бүхнийг хийх байх гэсэн олонхийн хүлээлт байх шиг..
Зарим нь бүр Чингис хаан шиг нөхөр гарч ирээд авилгачин, луйварчингуудыг барьж аваад толгойг нь тасдаад хаях хэмжээнд төсөөлдөг байж магадгүй. Эрхбиш 13 -р зуун ядаж л 20 -р зуун биш юм болохоороо энэ бүхнийг 21 -р зууны аргаараа зохицуулж таарна. Уг нь төр болоод нийгэмд байгаа буруу зүйлсийг шалгаад засаад явдаг хууль, цагдаа, шүүхийн тогтолцоо гээд бэлэн институц нь байж байдаг. Энэ хэд нь ажлаа сайн хийхэд л уг нь болчихмоор. Бид ч хяналтаа тавьж шахах ёстой. 
Гансүх - ийн шүүх хурлыг ТВ - р үзэх хүртэлээ би ингэж боддог байлаа. Зүгээр л ажлаа хийж явсан нябо бүсгүйг баримтгүй, утгагүй, улаан цайм зүйлээр ялд унагааж чадаж байгааг хараад, энэ аймшигтай ялзарсан тогтолцоог засах гэж оролдсон хүмүүсийг өөрсдийг нь яаж залгиж байгааг хараад итгэл найдвар бөхөх шахсан.. 

Ингээд шинэ үе, ирээдүйдээ найдахаас өөр сонголтгүй боллоо. Энэ ялзарсан тогтолцоог барьж байгаа хүмүүс биологийн жамаараа эрхбиш зайгаа тавих үед шинэ үе халааг нь авах нь зайлшгүй. Тэр шинэ үеийг бий болгох зүйл нь гагцхүү боловсролын тогтолцоо.  Хөгжил дэвшил, улс орны ирээдүйн эцсийн итгэл найдвар бол боловсролоос өөр юу ч биш. Тиймээс ч манай тэргүүний сэхээтнүүд боловсролд анхаарал хандуулж, хувь нэмэрээ оруулж байдаг. Даанч энэ нь үр дүнгээ өгтөл удна.
Баабар гуайн хэлдэгчлэн үе солигдохыг (залгаад завсарын үеийг) хүлээвэл лав л миний үе тэр сайн цагийг үзэхгүй бололтой. Ядаж байхад өнөөгийнх шиг боловсролын тогтолцоотой, зөвхөн санал авахын тулд улсыхаа мөнгийг 70 мянга болгоод оюутнуудад бэлнээр тараачихдаг ерөнхийлөгчтэй байгаа үед.

Тэгвэл яажшуухан энэ ялзарсан тогтолцоогоо засаад, хурдхан шиг хөгжил дэвшилд хүрэх вэ? 
Надад байгаа эцсийн найдвар бол мэдээллийн технологи юм. Мэдээллийн технологийг ашиглаж чадвал хэдхэн жилийн дотор БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛ, ШҮҮХ ЦАГДАА, ЗАСАГЛАЛ - ийн тогтолцоогоо бүрэн шинэчилж, засах, сайжруулах бодит хүч бий. 
Ганц жишээ татахад НӨТ - ын систем байна. НӨТ - ын хууль батлагдаад 20 жил болох гэж байгаа. Энэ хооронд хууль хэрэгжүүлэх, татвараа бүрэн авахын тулд хуулийн болоод боловсролын олон л арга хэмжээ авсан байж таарна. Гэтэл цахим системд орсоноор ганцхан жилийн дотор НӨТ -ын хууль бүрэн утгаараа хэрэгжиж татварын төлөвлөгөө давж биелсэн байна. Энэ системтэй холбоотой давуу талуудыг тоочоод баршгүй. Гол нь татварын тогтолцоог энэ систем дангаараа хэрэгжүүлж, татвар төлөгч бүх субъектыг хамруулж чадаж байна. 

Хувийн салбар IT- г харьцангуй сайн нэвтрүүлсэн. Ихэнхи том компаниуд ERP системтэй болж үйл ажиллагаагаа аль болох автоматжуулж байгаа. Банкууд бүрэн цахим системд шилжээд тог эсвэл сүлжээ тасарахад үйл ажиллагаа нь зогсохоор болж. Үүн шиг нэрийн дансныхаа үлдэгдэлийг харчихдаг, эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээ авах боломжтойгоо шалгадаг болчиход энэ нь цаагуураа нийгмийн даатгал тойрсон олон асуудлыг шийдээд явчих юм. Хийж хэрэгжүүлэх явцад сонгуулийн хар машиныг шатаадаг шиг марзан юмнууд гарах байх л даа. Гэвч үр дүнгий нь удахгүй ойлгоод хүртээд явдаг билээ.

Энэ бүхнийг хийхэд заавал улс төрчдийг хүлээлгүй мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа олон олон мундаг залуус хувь нэмэрээ оруулж бий болгох боломжтой. ITZONE гэх мэт том компани Орчлон сургууль дээр хийгээд ашигаа олоод авцан Е-Сургуулийн системээ нээлттэй эх болгоод Монголын сургуулиуддаа ашиглуулчихмаар санагддаг юм. Эсвэл Д.Энхбат гуайд өгөөд Хан академтэй холбодог ч юм уу. Google Classroom шиг хүүхдүүд бие дааж сурах нөхцөл бүрдүүлсэн олон функц нэмж хийгээд өгөхөд л сургууль барьж өгсөнөөс дутахгүй нийгмийн хариуцлагатай үйлдэл болох юм даа..