Sunday, December 30, 2007

Дахин хэзээ ч ирэхгүй 2007 оны мэнд!

Хүн дурсамж, хүсэл мөрөөдөл хоёрынхоо зааг нь болон амьдардаг мэт.. Хүсэл мөрөөдөл минь одоо цагаар дамжин мэдрэгдэж дурсамжийг минь нэмнэ.

Гэвч ихэнх хүмүүсийн хувьд энэ хоёрын дунд хоосон зай үүссэн байдаг. Хүн өдөр тутмын нэгэн хэвийн амьдралдаа автаж хүсэл мөрөөдөл, амьдралын утга учир, зорьсон зорилгоо мартагнана. Нэгэн хэвийнээр, урсгалын дагуу амьдарсаар байтал нэг мэдэхэд дурсах олигтой зүйлгүй урт хугацаа өнгөрчихсөн байдаг.
Хэрэв таны хувьд мөрөөдөл ба дурсамж хоёрын хооронд зай гарчихсан бол, тэр зай холдсон бол ирэх 2008 ондоо түүнээ засаж сайхан амьдрахыг ерөөе!

Sunday, November 18, 2007

Мэдрэмж

Урьдчилаад төлөвлөчихөөр (төсөөлчихөөр) бүтдэггүй тухай найзууд минь ярилцдаг. Анх блог нээгээд төлөвлөгөө гаргасан чинь бичих гэхээр болж өгөхгүй хойшлогдсоор л байна. Энэ удаа ойрд их сэдэл орж ирээд байгаа мэдрэмжийн тухай бодлоо буулгая даа. Оюутан байхад философийн хичээл дээр багш оюутнуудаас: хүний хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг нэрлэхийг хүссэн юм. Хайр, эрүүл мэнд, мөнгө, боловсрол, секс ... гээд л ... 30-д зүйлийг нэрлэсэний дараа тэдгээрийг эрэмбэлэх болж санал хураалаа. Хүмүүсийн үнэ цэнэтэй зүйлс бараг ижилхэн байдаг мэт. Харин хүмүүсийн хоорондын ялгаа нь тэдгээрийг эрхэмлэж үзэх эрэмбэд байдаг бололтой. Анд нөхөд минь надтай адил зүйлийг эрхэмлэдэг. (сэдэвээс хазайсан болох тул тусад нь бичих..) Тэгэхэд эхний 5 -д нүд -ийг нэрлэсэн юмдаг. Тухайн үед нүд их л чухал санагдаж байсиймдаг. Тэр санал асуулгын хувьд ангилал хийгээгүй учраас замбараа муутай дараалал байсан. Үнэндээ зөвхөн нүд гэлтгүй өөр олон чухал эрхтэн бидэнд байдаг шүү дээ. Нүд бол нохойнд ч байдаг эрхтэн. Зүрх, элэг ходоодгүй бол бид шууд л үхнэ. Харах, унших, үзэх, олох гээд нүд чухал л даа.. Гэхдээ зөвхөн шон мөргөж, нүхэнд уначихгүй хэмжээнд ашигладаг бол нүд тийм ч үнэ цэнэтэй биш. Сохор хүмүүс ч амьдарч болоод байна. Харин нүдийг хавьгүй илүү өндөр түвшинд ашиглаж байж үнэ цэнэ нь гарна. Одоо бодоход миний хувьд дээрх санал асуулгад нүдийг мэдрэмж гэдэг утгаар нь үнэлж дээгүүр эрэмблэсэн бололтой. Надад бол мэдрэмж үнэхээр чухал. Энэ ч ойлгомжтой. Хүний амьдралын зорилго аз жаргал шүү дээ.. Тэр аз жаргалаа мэдэрч чадахгүй байх нь аз жаргалгүйгээс өөрцгүй. Ямар ч дэлгүүргүй цөлд их мөнгөтэй байхтай адил.. Эсвэл та өөрийгөө тайган болгоод төсөөлөөд үз дээ... энд жирийн харах, үнэрлэх, сонсох мэдрэмжийн тухай бус, "торгон" мэдрэмжийн тухай ярьж байна. Энэ чадвар сонссон хөгжимийг чинь 2 дахин уянгалаг болгож, уусан дарсыг чинь 2 дахин амтлаг болгоно... Ер нь л таны мэдэрсэн таашаалыг хэд дахин амт оруулдаг учраас хамгаас чухал чадвар юм.
Ажигласнаар бол хэд хэдэн төрлийн мэдрэмж байх шиг байгаа юм. (Мэдээж мааш олон л доо. Угаасаа хүний мэдрэх, хүртэх зүйлс хязгааргүй олон юм чинь..)
Урлагийн болон гоо зүйн мэдрэмж.
Хувь хүний боловсролоос ихээхэн хамааралтай хөгждөг мэдрэмж. Боловсролыг мэдлэгээс ялгаж ойлгох хэрэгтэй байх. (Баабарын Дори идэр дүүдээ номонд илүү сайхан бичсэн байгаа) Мэдлэгийн хувьд ямар ч зүйлд мэргэшсэн хүн тэр зүйлдээ асар мэдрэмжтэй болсон байдаг. Лаазалсан махны чанар шалгагч япон хүний тухай үзэж байсан юм. Тэр хүн тагийг гаднаас нь тогшин чагнаж үзээд хэдэн мянган лаазалсан махнаас муудсаныг нь олж чаддаг байна. Ингэж мэдрэх нь тэр хүнд сайхан санагддаг байх. Энэ бол мэдлэгтэй холбоотой мэдрэмж. Машинтай холбоотой бүх зүйлийг цээжээр мэддэг, шинэ загварыг сэтгүүлээс хараад шүлс нь гоожих машины хорхойтон, импресионист зураг шүтэгч хоёрын гоо сайхны мэдрэмж угтаа адилхан мэт..
Хип хоп, хөнгөн хөгжим сонсдог залуусын ихэнхи нь сонгодог урлагийг тийм ч онцгой гэж хэлэхгүй байх. Зөвхөн европчуудын л өөрсдийгөө үнэлэх хэрэгсэл, хээнцэрлэл болж хөгжсөн гэх байх. Тэгээд тэр нь хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дээдсийн соёл, үнэлэмж мэт санагдах болсон. Орчин үед боловсролтой, элит хэсгийнхэн болж дүр эсгэгчдийн чамирхал гэж хэлж магадгүй. (Ер нь л рок хамтлагын урт үстэй фен, сонгодог урлагийг бишрэгч хоёр бие биендээ дургүй талдаа байдаг. Аль аль нь нөгөөхөө үгүйсгээгүй хэрнээ ойшоодоггүй. Уг нь мэдэрч чадах юм бол алинаас нь ч гайхалтай таашаалыг авч болно. )
Дуурийн театрын билетийн касс маш эрт хаачихдаг юм. Тэгээд хунт нуурын билет авах санаатай хоцорчихоод зогсож байтал тэнд байсан ченж: -хошин шогийн билет авах уу? гэлээ. Би өөдөөс нь хунт нуур байна уу? гэтэл: Байхгүй ээ! -хошин шог үзэхгүй, юун гачин юм үздэгийн, гээд тэнэг юм асуусан хүн рүү харж байгаа юм шиг харж билээ.. Тэгэхээр сонгодог урлаг яалтчгүй эрхэмсэг мэдрэмж. Билетээ ченжээр заруулахааргүй ихэмсэг дээд урлаг. (ер нь энэ талаар тусад нь бичье.. Эсвэл та Баабарын "Дори идэр дүүдээ" номыг уншаарай.)
Удаах мэдрэмж нь хүн хоорондын харилцааны мэдрэмж.
Хүний нүүрний хувирал, нүүрэн дээр байрлах хэдэн эрхтэн маш олон мэдээлэл агуулдаг билээ. Уруул гэхэд л:
ярвайх,
инээмсэглэх,
ёжлох,
ихэмсэг байх,
бардам байх,
тоомсоргүй хандах,
шоолох,
увайгүй,
гүрийх,
занах,
эрхлэх,
хүсэмжлэх,
тэвчих,
үзэн ядах,
гайхах гээд хүний маш олон төлөвийг илэрхийлдэг. Нүд ч мөн ялгаагүй. Эмэгтэй хүн нүдээ маш чадамгай ашигладаг. Нүдний хувьд том жижиг хэмжээ, давхраа мэтээс илүү энэ чадвар нь эрчүүдийг татдаг мэт. Далавчаа дэвээд байгаа эрвээхэй мэт том алаг нүд хөөрхөн л дөө. Гэхдээ эмэгтэй хүний ааль нүдний хэмжээнд бус хөдөлгөөнд байх шиг. Үнэндээ хүн бүрийн нүүрэн дээр иймэрхүү бичиг байдаг. Уншихын тулд мэдрэмж хэрэгтэй гэсэн санаа юм л даа.. Хүүхэлдэйн кино бүтээгчид ч үүнийг маш чадварлаг ашигладаг. Машиныг яг л хүн шиг сэтгэл хөдлөлтэй харагдуулна.
Дараа нь харилцан ярианы үед ярианы уур амьсгалыг мэдрэх мэдрэмж. Энэ бас маш чухал чадварыг нэг болно. Хамт олон ярилцаад суудаг даа... өөрийг нь шоолоод нирр хийтэл инээлдэхэд ойлгоогүй л сууж байдаг хүмүүс байдаг. Эсвэл хөндлөнгөөс харахад дурласан хүүхэн нь өөрт нь дургүйгээ зүйл бүрээр ойлгуулаад байхад юу ч анзаардаггүй. Би л лав Матрикс киног үзээд одоо ч ойлгоогүй яваа маш олон хүнийг мэднэ. Энэ талын чадварыг хөгжүүлж чадах мафи гээд тоглоом бий. (Тойрч суугаад мафийн гишүүнийг илчлэх зорилгоор ярилцаж тоглодог. Дотор нь хоорондоо хуйвалдаж биенээ дэмжих мафи, тэр мафийн гишүүдийг олох зорилготой цагдаа нар, хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй жирийн хүмүүс болж хуваагдана. Хуваагдахдаа хүч тэнцвэртэй байхаар шодож хуваах ба бусад хүн мафи, цагдаа, иргэн аль болохыг хэн ч мэдэхгүй. (мафийнхан биенээ, мөн цагдаа нар биенээ мэднэ) Тэгээд хэн нь мафи болох талаар маргаж өгнө дөө.. ) Ерөнхий зорилгын дор ярилцаж байгаа бүлэг дотор ондоо зорилготой бүлэг өөрсдийгөө мэдэгдэхгүйгээр өөрсдийн зорилгыг биелүүлэхийг хичээн ярилцах үнэхээр гоё шүү. Хөндлөнгөөс харахад ч үнэхээр сонирхолтой..
Мэдрэмжтэй нүд маш олон юмыг харж чадна. Ухаантай хүн гэж зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлж таараа. Үнэндээ мэдээлэл үнэн зөв, хангалттай байхад шийдвэр гаргах амархан. Хүнтэй ярилцаж үзээд мэдээллээ хангалттай цуглуулах нь ухаан гэсэн үг мэт.
Нөгөө талаар сайн муу аливаа зүйлд зохист хэмжээ гэж байдаг. (Монтень. Зохист хэмжээг баримтлах тухайд -эсээг уншаарай.) Үүнийг өөрөөр алтан дундаж гэж болох юм. Сайн зүйл ч бай хэмжээ нь хэтэрвэл тэнэг, муу зүйл болж хувирдаг. Баярлаж байгаа хүн сайхан санагддаг. Тиймээс ч бид бусдыгаа баярлуулах дуртай. Харин хэт баярлах нь ямар тэнэг харагддагийг MTV -н машиныг минь авраач! шоу нэвтрүүгээс харж болно. Магадгүй ухаантай хүний хамгийн сайн тодорхойлолт энэ байж мэдэх юм. Юү гэвээс зохист хэмжээг мэддэг хүнийг ухаантай хүн гэнэ. Үнэндээ бол энэ хэмжээг мэдэхийн тулд мэдрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдрэмжтэй хүн бол ухаантай хүн гэсэн үгээ..
Мэдрэмжтэй хүн биеээ зөв авч явдаг. Хамт олны дунд орчныхоо уур амьсгалыг мэдрээгүйгээс тэнэг юм яриад явдаг олон хүн бий. Ийм хүн бүх хүнийг баярлаж байхад гэнэт уурлана, гарч гүйнэ, гоё бүрдсэн уур амьсгалыг эвдэнэ. Эсвэл хүмүүсийн ярьж байсан сэдвээс тэс хөндлөн юм яриад чанга инээнэ. Тэгээд өөрийнхөө энэ байдлыг огтхон ч үл мэдрэнэ. Ийм хүн ихэвчлэн гэнэн цагаахан, бусдад хор болохооргүй хүмүүс байдаг мэт. Харин өөрийнхөө энэ байдлыг мэдэрч чаддаг нь тунирхамтгай, өөрийг нь тоосонгүй, булагнадаг мэтээр дотроо юм санадаг хүмүүс байдаг байх..

Тэгээд эцэст нь хүний хамгийн чухал чадвар бол мэдрэмж хэмээн тунхаглаж байна!

Та бүгдийн мэдрэмж "торгон" байх болтугай!

Saturday, October 27, 2007

Луугийн хүчин

Да Винчийн код хэмээх гайхалтай зохиолыг уншихад /киног нь үзэхэд/ нүдний минь өмнө байдаг огт анзаардаггүй нууцуудыг хараад гайхмаар, аймаар ч юм шиг. Эргэн тойрны энгийн зүйлсэд ч эргэлзэх мэт мэдрэмж. Уг кинон дээр "Хүн хүссэн зүйлээ л олж хардаг..." гэж хэлдэг. Үүнийг уншиж байгаа танд ч ялгаагүй энэ жирийн нэг бичлэг мэт санагдана. Гэтэл цаана нь асар гүн гүнзгий нууц утга учир, бэлгэдэл байвал?! ... гэсэн өгүүлбэр нь хүртэл асар гүн утгатай байвал... хэ хэ..
Ертөнцийн зүй тогтол бодох бүр тархи минь багадмаар дэндүү агуу билээ. Бид жирийн амьдрал тутамдаа анзаардаггүй нь үүнийг бичих сэдэл болсон биз.
Хорвоо ертөнц нэгэн бүхэл зарчимтай тул дурын ямар ч тохиолдлоос уг зарчимыг олж харах боломжтой мэт.. Дээрх номыг /киног/ уншвал ийм мэдрэмж эрхгүй төрнө. Үүний нэгэн жишээг өгүүлье.
Бараг хүн бүр хүүхэд насандаа үлгэрийн ертөнцөд зорчдог. Тэр үлгэрт нь цайзад хоригдсон үзэсгэлэнт гүнжийг луунаас авардаг хүлэг баатар эр гардаг шүү дээ. Ард түмний оюун санааны бүтээл болсон домогт жигүүрт луу. Гүнжийг авархаар ирсэн баатар болгоныг толгой дараалан залгина. Эцэст нь хүч зоригтой, шударга ариун шалгарсан залуу эр ирэх ба гүнж түүнд лууг дарах аргыг зааж өгөн залуу ч лууг дарж хураасан эрдэнэсийг аваад лууг хөлөглөн гүнжийн хамт тэнгэрт дүүлэн нисэж амар сайхандаа жаргана. Үүнийг бэлгэдэл зүйн ухаанаар тайлан уншваас ЦАЙЗ нь хүний БИЕ мах бодыг төлөөлөх ба түүнд хүний СЭТГЭЛ ЗҮРХ буюу ГҮНЖ давчдан хоригдож байна. Хүний СҮЛДЭН ТЭНГЭР /би - эго, СҮНС/ -ыг БААТАР ЭР -ээр бэлгэджээ. Харин ЛУУ юуг илэрхийлнэв? Галаар тургидаг, нисдэг, могойн хайрстай, аварга том энэ амьтныг хэн анх бодож олсон бол? Жигүүр болон могой сүүл нь тэнгэр газрыг давхар бэлгэдэх хүхэр мэт галаар тургигч луу нь жолоодлого муутай БЭЛГИЙН ХҮЧИЙГ илэрхийлэх ажээ. Өөрөөр хэлбэл хүн сүлдэн тэнгэрээ дагаж оюун ухаан мэдлэгээ ашиглан бие сэтгэлээ нэгтэгснээр бэлгийн энергээ зөв жолоодон аз жаргалд хүрэх учиртай байна.
Бэлгийн энерги үнэхээр асар их хүч билээ. Надад лав "Lord Of The Rings" -н Сауроны бөгж шиг санагддаг юм.
Бэлгийн энергийг дан ганц бэлэг эрхтнээр ойлгож болохгүй юм. (Тэгэж ойлгосон ч хүнд хамгийн чухал эрхтэн нь мөн биздээ.?) Үүнд хайр, амьдралыг таашаагч мэдрэмж, энхрийлэл, хүсэл тэмүүлэл бүгд орно. Тайган хүн юуны төлөө амьдрах юм бэ? Тийм хүн сонгодог бүтээл туурвиж чадах уу?. магадгүй миний бодлоор үзэж ч чадахгүй...
Бэлгийн энерги нь түлш, дарьтай адилхан ажээ. Түүнтэй яаж харьцахаа мэдэхгүй хүн дураар нь тавиад өөрөө шатаагддаг. Харин ашиглаж чадвал юуг ч бүтээж чадах хүч чадал болно. Энэ нь бэлгийн энергээ хоригло гэсэн үг биш юм. Угаасаа боломжгүй бөгөөд хэзээ нэг цагт тэсэрч гарах болно. Цахилгаан энерги чийдэнгээр дамжин гэрэл болж, халаагчаар дамжин дулаан, сэнсээр дамжин хөдөлгөөн болдог шиг тэнгэр бурхнаас ирсэн энэ их энерги нь тархиар дамжин мэргэн ухаан, булчингаар дамжин хүч чадал, агуу бүтээл, хараагаар дамжин сэрэл мэдрэмж, бэлгэсээр дамжин эсрэг хүйстэнд татагдах дуршил болж хувирдаг байна. Суут хүмүүс, гэгээнтнүүд гал халуун хүмүүс байдаг ба бэлгийн хүчээ ашиглаж чаддаг бөгөөд энэ нь тэдний онгод авъяас, хүч чадлын ундарга болдог.
Ерөөс хүний аз жаргалыг тодорхойлдог мэт. Магадгүй амьдрал нь хамаардаг мэт.

Цааш бичих нь миний түвшингээс хэтрэх мэт санагдах тул эрхэм та өөрөө энэ тухай судалсан нь дээр байх. Дээрх бүгдийг Францын сурган хүмүүжүүлэгч Айванховын "Бэлгийн энерги ба луугийн хүчин" номноос сэдэл аван бичсэн болно. Номын дэлгүүрүүдэд 2 дахь хэвлэлт нь ногоон эрээн хавтастайгаар олдох байх. Хүний анхаарал татах эрээн хавтастай, сүржин нэртэй өөртөө туслах маягийн, эсвэл сүнс био энерги бясалгал энээ тэрээ гэсэн олон номны нэг гэж бодуузай..

Friday, October 19, 2007

Дөрвөн цаг - Д.Нямсүрэн


Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврийн цас хайлж гэрлүү урсах сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах сайхан
Алтан хараацай дээгүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлийн маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан
Хангайн бороо гэнэт асгах сайхан
Харанхуй дунд цахилгаан гялбах сайхан
Хонон өнжин бороо зүсрэх сайхан
Холоос гийчин ирэх сайхан
Шаргал талын өвс халиурах сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газар ойчих сайхан
Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой сар гарах сайхан
Чөдөртэй морьд тургилах сайхан
Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан
Гэгээн борооний усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмүүлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аясхан бодол хол ойрийг санах сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо дуулан жаргамаар сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан

Thursday, October 11, 2007

Уншсан ном

Хүн өөрийнхөө шинж чанарыг хэн нэгнээс олж харвал тэр хүн өөрт нь ихэд таатай сэтгэгдэл төрүүлдэг мэт. Хэдэн жилийн өмнө Fatboy slim, Moby, Bjork, Chemical brothers - цомгуудыг минь PC -ээс харчихаад хөл алдан баярлах огт танихгүй залууг хараад баярласандаа өчнөөн зовж цуглуулсан тэднийгээ бүгдийг нь хуулаад өгчихөж билээ. Энэ дуунуудыг минь тэр залуу яаж кайфтай сонсож байгаа бол гэж бодохоос нэг л гоё... Индранилагийн жагсаалтыг хараад ихэд сайхан санагдав. Сэтгэлд дотно сайхан санагддаг хүмүүстэйгээ ихэвчлэн номны тухай ярьж танилцсан мэт..
тэгээд өөрийнхийг жагсаамаар санагдлаа...
18 нас хүртэл:
Үүлэн Бор
Эмиль хүүгийн адал явдлууд
Оросын түүхэн өгүүллэгүүд

Багачууддаа уншиж өгөөрэй
Монгол Ардын Аман Зохиолын Эмхтгэл
Маргад Эрдэнэ хотын илбэчин
Алтан Түлхүүр ба Буратиногийн адал явдал
Үл мэдэх ба түүний нөхөд
ЗСБНХУ - н ардын үлгэрүүд - үүд
Орос Ардын Үлгэрүүд

Доктор Ай Болит
Гэсэрийн тууж
Жангар
Монгол ардын домог үлгэр
32 модон хүний үлгэр
Шидэт хүүрийн үлгэрүүд
Жаалхүү Карлсон хоёр

3-н бүдүүн
Желсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь
Өвгөн Хоттабич
Молла насреддинд тохиолдсон адал явдал
Хөвдөн сахалт ба түүний нөхөд
Хөгжилтэй аялал (муур, лабрадор нохой гардаг)
Гэрлэн буу
Мөнгөн хараацай
Алтан хараацай
Хүжийн гал
Гавъяат үйлсийн мөрөөдөл
Инженер Гарины сүйрэл
Болд Хэрхэн Хатаагдсан нь
Сүүлэнхүүгийн адал явдал
Ганс Христиан Андерсений Үлгэрүүдийн Эмхтгэл
Тожмой луутай тулалдсан нь
Хөлгийн дарвуул ганцаар цайрна
Маргааш битгий байгаасай
Робинзон крузо
Хөгшин чоно ульсан нь

Чонын алтан шагай
Тарзан 1-6
Шаалуу хүү Маугли
Кихот ноён
Үүрийн туяа
Нууцыг задруулсан захиа
Тунгалаг Тамир
Морь унасан толгойгүй хүн
Цагаан бээлий
Оцеалла баатар
Мөрч
Аймшиггүй чин зоригт Айвенго баатар
Уйленшпегелийн домог
Шадар гурван цэрэг
20 жилийн хойно
Монте кристо гүн 1,2,3
Санниковын газар
Агаар худалдагч
Усан доогуур Хорин мянган бээр аялсан нь
Дэлхийг тойрсон ная хоног
Капитан Грантын хүүхдүүд
Нууцат арал
Артур Вангийн Өргөөнөө
Том Сойрын адал явдал
Саран Хөндий

Цагаан Соёот
Өвгөн Тэнгис Хоёр
Болор толь
Хошуу цагаан нутаг
Халуун салхи 1,2
Санаа заяа хоёр минь
Артур Канон Дойлийн цувралууд
Оливер Твист
Илиада
Одиссей
...
(үргэлжлэл бий.. яагаад гэвэл санахгүй байна.)

... Бага нас минь жирэлзээд өнгөрөх шиг. Дахиж хэзээ ч болохгүй юмыг хүлээгээд байгаа юм шиг.. дээр үеийн оросын хар цагаан зурагтын дүрс шиг..

Saturday, October 6, 2007

Шалгуурын шалгуур

Бид аливаа зүйлийг харьцуулж л танин мэддэг билээ. Энэхүү хэмжилтийг хэрхэн хийдэг талаар Хурметбек -ийн "Үл бичигдмэлүүд" дээр тодорхой эргэцүүлсэн байдаг. Түүхлэг хэмжилт, бодит хэмжилт гэх мэт. Энэ номонд ер нь энэ сэдэвтэй холбоотой олон зүйлс гардаг тул санааг нь давтах болчихгээд. Ер нь бол заавал уншаарай гэж танд зөвлөх байна.

Аливаа зүйлийг бодитой үнэлэхийн тулд сайн шалгуур хэрэгтэй байж таарна. Миний хувьд бодож үзсэн хэдэн шалгуур ..
  • Бусдад хэрэгтэй байх. Алт мөнгөний үнэ цэнэ нь ховортоо байхаас гадна маш олон хүнд хэрэгтэй байдгаар тайлбарлагдах боловуу. Хэдий элбэг дэлбэг байдаг ч бүх амь биед хэрэгтэй учраас ус гайхалтай үнэ цэнэтэй. Хэрэв чи хэнд ч хэрэг болдоггүй бол Чи хэнд ч хэрэггүй амьтан гэсэн үг. Олон хүнд хэрэгтэй байх тусам хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүн нэг хүний л үнэ цэнэтэй. Гэр бүлийнхээ төлөө амьдардаг бол 3-10 хүний үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө, улс орон хүн төрлөхтний төлөө амьдардаг хүний үнэ цэнэ зүйрлэшгүй байж таарна. (бага байхдаа хэрэв би одоо үхчихвэл яах бол гэж бодоод миний хойноос харамсах хүмүүс болоод өөрийгөө өрөвдөн уйлж байж билээ)
  • Цаг хугацаа. Дээр өгүүлсэн "Үл бичигдмэлүүд" номонд аливаа хэмжилт шугаман байдаг тухай гардаг. Өөрөөр хэлбэл урт, жин, өнгө, хүний зан чанарыг ч бид тодорхой нэгэн чигт хэмжин ангилалт хийдэг. Тэгвэл хамгийн оновчтой зөв ангилалт хийх шалгуур нь Цаг хугацаа болох тухайд гардаг юм. Манай ертөнц өөрөө цаг хугацаанд оршдог болохоор бүх зүйлийг цаг хугацааны дагуу хэмжиж болно. (Бурхан чөтгөрийг ч ... ) Нөгөө талаар цаг хугацаа үнэ цэнийн хамгийн сайн шалгуур. Цаг хугацаа өнгөрсөн ч чанараа алддаггүй болохоор алт эрдэнэсүүд үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Хайр, шударга ёс, үнэнч байдал гэх мэт хүнийг үнэ цэнэтэй болгодог эрхэм чанарууд цаг хугацаанаас хамаарах ёсгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг зүйлс, жишээ нь Сонгодог урлаг, дарс, нөхөрлөл гээд л...
Ерөнхий тохиолдолд нийтлэг хэрэглэж болох шалгуур нь ийм байж болох мэт. Харин тухайн нөхцөлд шалгуураа зөв тогтооход мэдрэмж, боловсрол, туршлага хэрэгтэй мэт.
Хүний авч байгаа шалгуур нь өөрөө тэр хүнийг сонжих сайх шалгуур мэт... Жишээ нь Н.Энхбаярыг учиргүй магтаад байвал тэр магтагч ямар нөхөр болохыг нь би ерөнхийдөө төсөөлчихнө. Харин энэ дүгнэлтээ ямар шалгуурын дагуу хийснээр нь тэр хүнийг илүү бодитой таньж авна.
"Ардчилсан" нам бол зөв нам гэдэг дүгнэлтийг -хүүхдэд 10000₮ өгсөн гэсэн шалгуур, эсвэл либертари үзэл болоод бусад ардчиллын зарчимдаа үнэнч г/м ямар шалгуурын дагуу хийснээр нь тухайн хүний боловсролын түвшинг мэдэж болно г/м.
Илүү өргөн хүрээнд хүмүүс аливаа зүйлд хандахдаа ямар шалгуурыг гол болгон авч үздэгээр нь тухайн нийгмийг тодорхойлж болох юм. Хэзээ нэгэн цагт Монголчууд минь ашиг бус, гадаад үзэмж бус, эрхэм чанаруудыг шалгуур болгодог үе ирэх бизээ.
Тэгэхээр юмыг хэрхэн авч үзэх нь шалгуураас хамаардаг тул шалгуураа зөв тогтоох нь ихээхэн чухал юм. Бид төрийн түшээдээ өндөр намаар нь шалгаруулдаг бол ямар байх вэ? үнэндээ тарааж өгдөг мөнгө, байдгаараа мэрийж авхуулсан плакат, социалист амлалтууд, шоу тоглолтын гоё сайхан байдал үүнээс дээрдэх юмгүй. Манай хэд ч үүгээрээ өрсөлдөж өгнө дөө. Аягүй бол үүндээ түрүүлсэн нь сонгогдоно.
(Үүнтэй төстэй зүйлийг та анхны дэд ерөнхийлөгчийг сонгох үеийн депутатуудын хурлын протоколоос үзэж болно. Инээдтэй, эмгэнэлтэй, аргагүй байдал гэмээр энэ хурлын тухай Дожоодорж гуайн бичсэн "Арван халуун өдөр" гэж нимгэхэн ном бий. )
Төрийн сонгуулиас илүү надад хамаатай чухал сонголтын нэг нь хань ижил. Ямар шалгуурыг сонгохоос ирээдүйн амьдрал, аз жаргал чинь хамаарна.
Тэгвэл сайн шалгуурын шалгуур нь юу вэ? Би дээрх шалгууруудыг хэрхэн сонгов?
Хариултыг нь мэдээд байгаа юм шиг мөртлөө бичиж болохгүй юм. Нөгөө талаар мэдрэмж хэмээх өөр сэдэв болчих гээд байгаа тул тусад нь бичнээ.

Tuesday, October 2, 2007

Мэргэ таамгийн тухайд..

(Эрхэм блогчин Ганбаагийн бичсэн блогд comment бичсэн чинь сүүлдээ халуураад зөндөө их юм болцийн. Түүндээ урамшаад энэ блогийг нээсэн болно.)
Матрикс -н зөнч Бифияа гээч шүлс гоожмоор гоё сэдэв байна даа..
Нео бүхнийг абсолют зөгнөж чаддаг зөнч дээр очдог. Энэ зөнч "бүх" зүйлийг урьдчилан харж чадна. Тэгээд Нео-той анх уулзахдаа:
- Вааранд санаа бүү зов! гэж хэлдэг. Нео: -Юун ваар? гэж хэлээд эргэтэл тавиур дээр байсан ваарыг татаж унагаад хагалдаг. Санаа зовсон Нео уучлал гуйхад зөнч санаа зовох хэрэггүй гэдэг үгээ дахин сануулна. Энэ хүртэл энгийн нэг зөн билэг. Харин Нео:
-Та яаж мэдвээ? гэж асуухад зөнч:
-Яаж мэдэв гэдэг нь гол биш, хэрэв би чамд "вааранд санаа бүү зов!" гэж хэлээгүй бол чи ваар хагалах байсан уу гэдэг нь л сонин байна... гээд учиртай инээмсэглэнэ. Матрикс үнэхээр гайхалтай бүтээл. Энэ хэсэгхэн кадрт ийм том сэдвийг багтаачхаад цааш бүр гоё зүйлс нь үргэлжилнэ.
Нэгэн найз минь дээрхийг тайлбарлан доорх санааг ярьж байсан юм. Амьдралд зарим нэг үйлдэл зайлшгүй байдаг. (хувь тавилан) Жишээ нь үхэл. Сүйт бүсгүйнхээ үхлийг өөрчлөхийн тулд өнгөрсөн рүү очдог эрдэмтэний тухай кино байдаг даа. Үхлийн шалтгаанийг нь өөрчилсөн ч сүйт бүсгүй нь өөр нэгэн санамсаргүй шалгаанаар яг тэр цагтаа янз бүрээр үхдэг. Бурхан хорвоогийн бүх зүйлийг хянаж чадахгүй учраас тодорхой хэдийг л төлөвлөдөг. Зөнчийн хувьд Неогийн ваар хагалах нь зайлшгүй болохыг хараад албаар туршсан байж болох.. Найз маань ингэж тайлбарласан юм.
Нөгөөтэйгүүр матрикс кинонд зүгээр нэг цаг хугацааны энгийн парадоксыг уран гоёор харуулсан ч юм шиг.
Стефен хокинг -ын номонд энэ талаар үнэхээр гоё бичигдсэн байдаг. 19 -р зууны эрдэмтэд (Лаплас..) орчлон ертөнц бүрэн шалтгаанцсан (детерминистик) гэдэгт итгэдэг байж. Хэрэв би Ганбаад Монтеныг ав гэж зөвлөөгүй бол Ганбаа Монтеныг авахгүй, аваагүй бол энэ блогийг бичихгүй, бичээгүй бол би мөн бичихгүй байсан. Хэрэв би бичээгүй бол та уншихгүй, үүнийг уншаад одоо наад төрж буй бодол чинь ч танд бодогдохгүй байсан..
60 -д оны Хэйзенбергийн тодорхойгүйн зарчимд няцаагдсан детерминистик үзлийг өөрөөр үйлийн үр гэж нэрлэж болох мэт.. тодорхойгүйн зарчим эгэл бөөмсийн эгэл бус орон зайд л үйлчилдэг болохоор бидний мэдэрдэг ертөнцийг тодорхой хэмжээнд детирминистик гэж болох л доо.. би одоо байгаа мэдээллээ ашиглан энэ comment (блог?) -г минь Ганбаа уншаад инээнэ гэдгийг урьдчилан хэлж, зөгнөж чадна. Хэрэв зөн билэгийг детирменистик утгаар нь тайлбарлавал бүрэн үндэслэлтэй л зүйл. Матрикс -д ч энэ утгаараа байдаг. Зөнчийн хувьд тэр 3-р анги дээрээ програм болж таардаг. ө/х бүхэл матрикс -н бүх мэдээллийг боловсруулж ирээдүйг урьдчилан хэлдэг програм. Зөнч бифияагын компонент гэмээр програмуудыг өдгөө зохион хэрэглэж байгаа шүү дээ. Энэ хүртэл гарсан санааг та өөрөө Стефен хокинг-ын номноос оригоор нь уншсан нь дээр байх. Харин мэргэ төлгийн но той байж болох зүйл нь огтын хамааралгүй мэт мэдээллийг ашиглан ирээдүйг хэлдэгт л байх шиг. Сонгодог жишээ бол зоос байна. Сүлд буух үзэгдэл нь детирминистик үзлээр бол зоосны анхны байрлал, жин, өндөр, анхны хурд, импульс, агаарын даралт, дулаан, нягт, мөнгөтэй хүрэлцэж буй агаарын молекулууд, тэдгээр молекулудтай мөргөлдөж буй молекулууд ......... г/м тооцох боломжгүй олон хүчин зүйлээс хамаарна. Энэ ч мэдээж. Гэвч гол зүйл нь зоосийг шидэхдээ миний бодсон бодол түүнд бас нөлөөлөх үү? гэдэгт л байна. Энийг бол харин батлах ч, няцаах ч боломжгүй учраас хувь хүний шүтэх, эс шүтэх эрх чөлөөний орон зай тогтон байх мэтээ... (дуусгах шахав...)

"Бодлын" талаар "бодох" нь өөрөө парадокс мэт санагддаг учраас, нөгөө талаас нэрээ, үгийг мартчихгээд байдаг тул больёо.

Та хувь тавиланд итгэдэг үү? гэдэг асуултыг асуухад үнэхээр кайфтай байдгийн.
Таны яг энэ мөрийг уншиж байгаа чинь хувь тавилан мөн үү?!


Детерминистик талаас нь бодвол үйлийн үрийг хувь тавилан гээд нэрлэчихэж болно л доо. Жишээ нь өглөө нар мандах нь хувь тавилан г/м.
Гэхдээ хүмүүс хувь тавилан гэдэг үгийг сонсохдоо Бурхнаас ч юмуу далдын тайлбарлагдашгүй зүйлээс амьдралыг нь зохицуулах гэдэг утгаар нь хүлээн авдаг шүү дээ.
Физикийн хуулиар зохицуулагдах детерминистик ертөнц, Бурхан болоод сүнсэн ертөнцөөс хүртэл үйлдэл минь хамаараад байхад би яаж сонголт хийх юм бэ?! (Нео бас үүнийг зөнчөөс асуудаг.) Өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодох ганц үндэслэл нь тодорхойгүйн зарчим. Тэрийгээ сургийг нь дуулснаас биш өөрөө ч бүрэн ойлгоогүй.
Ямар ч байсан одоо байгаа физикийн хуулиар тайлбарлагдахгүй сүнсэн ертөнц бодитой гэдэгт би итгэнэ. Яг л бодол шиг хийсвэр сүнсэн ертөнц лав байгаа. Хэрэв та материалист бол миний бодлыг тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл гэх байх л даа. Тэр бол таны л тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл. за энэ ч яахав.
Би лав хувьдаа ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ! Миний сонголтын ихэнхи хувь нь бодит амьдралаас, багахан хэсэг нь сүнсэн ертөнцөөс (урьд нас, эцэг өвгөдийн түүх, сүнсэн ертөнц, магадгүй Бурханы хүсэл) хамаарах ч гэлээ үлдсэн өчүүхэн хэсэгтээ би өөрийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх болно. Хэрэв үгүй юм бол би (хокинг-ы хэлдгээр) хэний ч өмнө, бурханы ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй болно.
Тэгэхээр сүнсэн ертөнцийг мэдрэх чадвартай хүмүүсийг би үгүйсгэхгүй. Харин Монголд минь ингэтлээ ихсээд байгаа шалтгааныг "Энэ хорвоо дээр тэнэгүүд нь луйварчдаасаа олон. Тиймгүйсэн бол луйварчид нь юугаараа амь зуух билээ" гэдэг афоризмоор тайлбарлах байна.
Хэт их зүйл бичиж залхаасандаа хүлцэл өчин ёсолсон Anonymous.

Monday, September 24, 2007

Хариуцлага

Хариуцлага гэдэг үгийн утга олон үгэнд шингэсэн мэт. Жишээ нь:
  • Хайр - Би гэр бүлийнхэндээ хайртай бол шууд тэдний өмнө үүрэг хүлээгээд эхэлнэ. Эх орон, эхнэр хүүхэд адилхан. Хайр минь хариуцлага болон илрэнэ.
  • Итгэл - итгэж буй зүйлдээ хариуцлага хүлээлгэхийн нэр мэт. (үүнд бурхан ч хамаарна.) - Би чамд итгэдэг шүү! гэдэг үг тэр хүнд хариуцлагатай байхыг давхар шаардана гэсэн үг.
  • Итгэл даах - хариуцлагын л өөр нэр. Хариуцлагагүй этгээдэд хэн ч итгэхгүй.
  • Эрх чөлөө - Зоосны 2 тал мэт энэ хоёр үг биенээ илэрхийлээд байх шиг. Эрх чөлөө хариуцлагаар хязгаарлагдана. Би бусдаас хамааралгүй, эрх чөлөөтэй байх хэрээрээ аливаа зүйлийн өмнө хариуцлага хүлээхгүй байх мэт. Эсвэл маш олон зүйлийн өмнө хариуцлага хүлээсэн хүн эрх чөлөөгүй болж эхэлдэг.
  • Үнэнч байдал - маш сайн хариуцлагатай байдал. Хайр сэтгэлдээ хариуцлагатай хандаж өөр зүйлд автахгүй байхыг үнэнч хайр, үнэнч гэр бүл гэнэ.
  • Сонголт - сонголт бүрийг хариуцлага нь дагаж байдаг. Өөрөөр хариуцлагаас сонголт хамаарч байдаг.
  • Эрх мэдэл - хариуцлага эрх мэдлийг тодорхойлдог. Манай улсын хамгийн их эрх мэдэлтэй хүн хамгийн том хариуцлагыг үүрнэ. (эсвэл хүлээнэ!)
  • Хүч чадал - Их хүч чадал, авъяас их хариуцлагыг шаардана ... г/м.
Хүний амьдарлыг тодорхойлдог хамгийн гол үгсийн утга хариуцлагатай холбоотой байгаа нь хүнийг хариуцлага нь тодорхойлдог гэсэн үг бусуу?

Би ээж аавын хүү болон төрсөн учраас тэднийхээ ачийг хариулах, асарч тэтгэх хариуцлагатай. Эх орны хүү болон төрсөн учраас эх орноо хамгаалах, хөгжүүлэх, иргэн нь байх хариуцлагатай. Энэ гаригт хүн болон төрсний хувьд эх дэлхийгээ хамгаалах, хүн төрлөхтний өмнө хүлээсэн хариуцлага бий. (армагеддон шиг, эсвэл дэлхийг дайснаас хамгаалдаг олон кинонд гардаг шиг)
Эдгээр давхар давхар хариуцлагаа биелүүлэх үед эдгээр нь давхацвал өндөр түвшний хариуцлага нь доогуур түвшний хариуцлагаа золиослохыг шаардана. Эх оронд минь дайсан довтолвоос би гэр бүлээ золиослоод дайнд явна. Хэрэв хүн төрөлхтөнд заналхийлбэл би эх орноосоо урвана. (Гитлерийн Герман) Харин энэ зарчмыг зөрчвөл та өчүүхэн хүн болно. Өөрөөр хэлбэл эх орныхоо баялгийг гэр бүлдээ зориулдаг бол та хариуцлагаа ойлгоогүй өчүүхэн хүн.
Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа сайн биелүүлбэл ачлалт хүү охин нь, эх орны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хүндэт иргэн нь, эх дэлхий, хүн төрлөхтний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж алдар суутан болно.

Гэтэл би гээч зүйл үүсэн буй болсон, миний ертөнц дээр оршин байгаа хариуцлага минь юу вэ?

Friday, September 21, 2007

Ялагдсан минь. (Бодрол блогоос)

Энэхүү маргаан бодрол блогт Jagie -ийн бичсэн "Үнэний тухай" бичлэгийн доор сэтгэгдэл байдлаар өрнөсөн юм. Өөрт хамаатай яриаг ялган авч товчиллоо. Зарим нэг зүйлийг гүнзгий бодож үзэх боломж олгосон Jake хэмээх залууд ихэд талархана.

...
Jake:

- Туйлийн үнэн гэж зөвхөн чи итгэж байгаа эсэхээс л хамаарна. Гэхдээ аливаа юманд бат итгэнэ гэдэг миний хувьд маш хэцүү... Дэндүү олон талаас нь бодох тусам итгэл ул мөргүй алга болдог. Итгэл байхгүй болсон цагт яг юунд найдахаа мэдэхээ больж амьдрал там шиг л санагддаг. have you ever felt an unbearable fear... and you don't know what reason caused that fear.
хүн бүрт туйлийн үнэн байдаг, гэхдээ бүх оюун ухааны хувьд нэгдсэн үнэн гэж байхгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө л оршин буйг мэднэ. Бусад оюун ухаан, матери ер нь юу ч оршин байгааг би мэдэхгүй. Ертөнц гэж байхгүй. Энэ бүгд зөвхөн миний л бодол.

Sum: Дүгнэх хэрэггүй.

- Хүн бүр л үнэнийг хайж, тэмүүлж байдаг. Үнэний шалгуур нь юу вэ?
Мэдээж jagie -н найзынх шиг олонхийн санал л лав биш. Хувь хүний итгэл үнэмшил ч байж чадахгүй. хэрэв шалгуураа зөв тогтоовол үнэнийг таньж мэдэж болох юм шигээ. хэрэв шалгуурыг нь бодит байдал гэвэл миний компьютерын ард сууж буй нь үнэн болно. би үүнийгээ нүд, чих мэтээрээ мэдэж авсан. нүдгүй бол үнэнийг яаж мэдэхэв?... гэтэл бодит байдал гэдэг бүх зүйлийн хагас нь. бодит байдлаар илэрч гараагүй найз охиныхоо хайрыг би яаж мэдэх вэ?
одоогоор надад үнэн нь хайр гэх ойлголт шиг бодит байдлаар дамжин илэрдэг хийсвэр ойлголт мэт мэдрэгдэж байна.
үнэний шалгуурын хувьд дээгүүр ч цухалзаж байсан дараах гурвыг санал болгоё.
үнэн бол цорын ганц,хувирашгүй, туйлын байх ёстой. Бүх зөрчил үнэн бол цорын ганц -с болж үүсдэг бишүү.. ХУ намын зөв бол Ардчилсан намын, Будда үнэн бол Христ худал г.м. миний мэдлэг үнэн үү?
спиноза "би ямар нэг юм мэддэг гэдгээ мэдэхийн тулд эхлээд зайлшгүй мэдэх шаардлагатай" гэсэн.
дээр нь жинхэнэ туйлын үнэн нь юутай ч зөрчилдөхгүйгээр бүхнийг тайлбарлаж чаддаг байх ёстой юм шиг. эсрэг үндэслэлүүдээ ч тайлбарлан дотроо багтаасан байна. "Бүх юм" гэдэг шиг.
би хувьдаа үнэнээ олсон бөгөөд түүнийг итгэл үнэмшил маань илүүтэй тодорхойлно. харин хүний итгэл үнэмшил бодит байдлаас (логикоос) хамааралтай. энэ бол жишээ нь ертөнцийн нэг зарчим мэт. эцэстээ юу ч болчив доо... :-)

Jake:

- Тэгвэл шалгуураа зөв тавьж үнэнийг олсон ч тэр нь зөвхөн чиний л үнэн байх болно... Хичнээн чи тэрийг зөв гэдгийг мэдэж байсан ч хичнээн мэдээж юм шиг байсан ч өөр оюун ухаан тэрийг чинь яг л тийм хэмжээгээр үгүйсгэж чадна. Үнэн дотроо бүхнийг агуулдаггүй, харин ямар нэгэн юманд агуулагддаг. Чи найз охиныгоо 5 мэдрэхүйгээрээ мэдэрж түүний хайрыг бүх л бодлоороо үнэн гэдгийг мэдсэн ч тэр нь танай найз охин оршин байна гэсэн баталгаа биш. Энэ амьдрал зүүднээс ялгаагүй шүү дээ. Юунд ч итгэж болмооргүй. Харин зөвхөн нэг л үнэн оршино: Би оршиж байна, гэхдээ энэ бас л зөвхөн миний хувьд.

Sum: үнэнийг хайгч

- Үнэн надаас хамаарахгүйгээр оршино гэж бодсон нь дээр санагдлаа. Бид хичнээн ч гүнзгий сэтгэлээ ч гэсэн энэ эрх чөлөө бодит байдлаар хязгаарлагдана. Би оршиж байна гэж бодож бодчихоод гараад л микронд чихцэлдээд явна шүү дээ.. аливаа юм зорилго, утга учиртай. Зүгээр гоё сэтгэж өөрөөсөө кайф авахын тулд бус, амьдралаа утга учиртай болгох үнэнээ олохын тулд энд байна. угаасаа хүний сэтгэл үнэн, гоо сайхан, хайр зэрэгт тэмүүлдэг юм хойно. Би оршиж байна гэсэн үнэн хангалтгүй шүү дээ. Би тэгээд юуны тулд оршиж байгаа юм? миний оршин буй хариуцлага юу вэ?. ...

Би юу ч гэж бодсон энэ ертөнц өөрийн гэсэн зарчимтай. Тэр гол зарчимаа олоод түүний дагуу оршин тогтносон нь дээр бишүү. миний хувьд хүн төрлөхтөний одоогоор мэдээд байгаа зөрчилтэй үзэл бодлууд дундаас үнэнийг нь олох тал дээр ярьж байна.

Нөгөө Паскалийн мөрий шиг энэ амьдрал зүүд шиг утга учиргүй гээд утга учиргүй амьдарчихаад үхсэнийхээ дараа утга учрыг нь мэдэж бодит биеийнхээ хариуцлагыг хүлээвэл яана? Үхэнгүүт оршин байхаа больчихдог бол ч түүнээс айгаад байх зүйл алга.

Ингэхэд jake чи оршин байгаа юм уу? оршин байна гэж бодож байгаа бодол чинь оршин байгаа юм уу? би гэж чи өөрийнхөө юүг хэлээд байна?

Jake: bi bol minii bodol

“Би” гэдэг бол миний бодол. Би ирээдүйд устан алга болохыг үгүйсгэхгүй ч яг одоо би бодож байгаа болохоор би оршин байна… харин надаас өөр бусад бүх зүйлийн талаар би ямар ч мэдлэггүй. Одоогийн миний харж байгаа юм бүхэн үнэмшилтэй боловч энэ нь ямарч баталгаа биш. Юмс үзэгдэл зөвхөн миний 5 мэдрэхүйгээр одоогийнхшигээ харагдаж байгаа, тэрний үнэн төрхийг би мэдэж чадахгүй, тэгээд ч бүх юм эргэлзээтэй байдаг болохоор үнэн, худал гэж байхгүй байх… Зөвхөн эсрэг тэсрэг, ижил ялгаатай л гэж байгаа байх. Харин чиний бичсэн бүхэн чиний бодсон бүхэн зөвхөн чамд л үнэн, миний үнэн харин надад л үнэн. Чи яаж ч итгүүлэхийг оролдсон би итгэхгүй, эсвэл бүр итгүүлчлээ гэж бодоход, чи намайг чиний үгийг сонсоод ч юмуу, намайг энэ pc ний ард сууж байгааг мэдэх аргагүй... надтай уулзсан ч намайг харсан ч тэр ч бас миний оршин байгаа баталгаа биш. Хичнээн хийсвэр сэтгэсэн ч бодит байдлаар хязгаарлагдаж байгаа гэдэг бол бас л зөвхөн чиний үнэн... Зөвхөн чи л тэрэнд захирагдаж байна гэсэн үг. Харин би чиний харж байгаагаас шал өөрийг харж байвал яахав... миний харж байгаа ертөнцөд бүх шал өөр байж болно. Нэгэнт чи хэзээ ч би болж чадахгүй болохоор миний талаар юуг ч мэдэхгүй гэсэн үг. Би ч гэсэн адилхан яг одоо үнэндээ чамайг байгаа үгүйг ч мэдэхгүй байна... Зөвхөн би өөрөө өөрийгөө зугаацуулах гэж ч юмуу өөр ямар нэгэн шалтгаанаар энэ бүхнийг бичиж байж болно.

Харин чи юуны төлөөр оршиж байна вэ гэдэг бол бас л чиний шийдэх хэрэг… Ямар ч байсан оршиж л байна. Оршихуй заавал зорилго агуулах албагүй байх гэж боджийно.

Sum: орш! орш!!

Бүх юм хийсвэр гэсэн маргаанаас болоод хэн ч билээ нэг эрдэмтэн чулуу өшиглөж хөлөө гэмтээсэн гэдэг. Би юү ч гэж хэлсэн чиний хувьд энэ нь миний л үнэн, чамд хамаагүй болохоор чамтай ярих нь утгагүй хэрэг. мэдээж эцэстээ туйлын үнэний хувьд чиний яриад байгаад тулж очиж л таарна. Би өөр талаас нь ярьж байна. Надад байгаа миний оршин буй тухай үнэн чамд ч бас байдаг байх нь.. (энэ үнэн "туйлын", "хувиршгүй", "цорын ганц" юм бишүү... )

Чамд үнэн байх албагүй ч наддаа бол үнэн байх тэр үнэнээ яаж олох тал дээр л ярьж байна. Энэ талаас нь дээрхийг уншаад үзнэ биз..

Нөгөө талаар би оршиж байна гэж бодож байх үедээ л чи оршиж байгаамуу? өөр зүйл бодож байхдаа чи оршиж байгаа юу? хэрэв тийм бол аль бодол нь алиныхаа оршихуйг мэдээд байна?

Jake: Аан.. Тэгээл бичихгүй…

Тэгвэл чиний үнэн зөвхөн чиний л үнэн гэдэгтэй хүлээн зөвшөөрч байна гэсэн үгүү? Чи өөрийнхөө үнэнийг олох гээд байсныг чинь мэдсэнгүй… доорх бичлэгээс чинь үзвэл:

дээр нь жинхэнэ туйлын үнэн нь юутай ч зөрчилдөхгүйгээр бүхнийг тайлбарлаж чаддаг байх ёстой юм шиг. эсрэг үндэслэлүүдээ ч тайлбарлан дотроо багтаасан байна. "Бүх юм" гэдэг шиг.

Үнэн надаас хамаарахгүйгээр оршино гэж бодсон нь дээр санагдлаа. Бид хичнээн ч гүнзгий сэтгэлээ ч гэсэн энэ эрх чөлөө бодит байдлаар хязгаарлагдана.

Тиймээ миний оршиж байгаа нь яах аргагүй надад үнэн, надад тэрнээс ч олон үнэн байгаа. (бас л мэдээж миний хувьд). Би оршиж байна гэдэг шууд зөвхөн надад л хамаатай болж байна… харин чи оршиж байна гэж бодож байгаа эсэх нь надад бас л эргэлзээтэй. Харин хоюулаа бие биенийхээ оршихуйг 100% итгэвэл энэ зөвхөн 2 хүний л туйлийн үнэн. Гэх мэтээр явсаар бүх дэлхийн хүмүүсийг хамарсан ч бүх хүмүүс гэдэг бүх юм биш. Хүн болгон өөрийгөө оршиж байгаа гэж итгэж, тэр нь туйлийн үнэн мэт санагдаж байгаа боловч миний нүдээр бол бас л тийм биш. Би зөвхөн өөрийнхөө оршин байгааг мэдэж байгаа болохоор бусдад яг минийх шиг бодол оршихуй байгаад бас эргэлзэнэ. Тийм болохоор чиний хэлдэг зөв. Надтай ярих нь утгагүй, бас би өөрөөсөө өөр хүмүүс оршин байгааг мэдэхгүй болохоор надад бүр утгагүй, тийм болохоор би зөвхөн хүссэнээ л хийдэг, ер нь миний нүдээр харахад хүн болгон л зөвхөн хүссэнээ л хийдэг.

Би оршиж байна гэж бодсон үедээ л би оршиж байна гэдгээ мэддэг гэсэн үг. Харин бусад зүйл бодож байх үед зөвхөн бодож байгаа зүйлээ л бодож байгаа болохоор тэр бодлынхоо хүрээнд л оршиж байдаг.

Sum: өөрийн бодол өөртөө л зөв...

Чиний яриад байгаа чинь ойлгомжтой зүйл шүү дээ. Толгой нь ажилладаг л юм бол эцэстээ иймэрхүү дүгнэлтэд хүрнэ. Үүнийг нь ч Декарт түрүүлж бодоод хэлчихэж. Чи энэ л санааг давтахаа болиод ялгаатай үзэл бодол дундаас илүү үнэнийг хайж олох тал дээр саналаа бичвэл яасан юм. дээрх нийтлэл ч үнэний тухай үндсэн санааг гаргаад, мөн энгийн түвшинд амьдралд хэрэглэгдэх талаас бичсэн байна. Олж авсан үнэнээс минь миний амьдрал хамаарна. чамтай ярьсаны эцэст миний мөн чиний хувьд оршин буй тухай нэг үнэнд хүрэх шиг байна. тэгвэл яг үүн шиг хэн нэгэнтэй (ямар нэгэн юмтай) хангалттай хэмжээнд мэдээлэл солилцсоны эцэст хоюуланд минь байх нийтлэг үнэнийг олсон гэе. Олсон энэ үнэн маань хэр зэрэг үнэн гэдгийг хэрхэн мэдэх вэ.. үнэнийг мэдэхгүйгээр сонголтоо яаж хийхэв.

үнэн ч биш, худлаа ч биш төлөвтэй зүйл байна уу? тухайн зүйлийг үнэн эсвэл худлаа гэж бодсон нь миний оршихуйд нөлөөлөх тохиолдолд ашигтай хувилбарыг сонгосон нь дээр биш үү...

Jake:

Тэгээд юу илэрхийлэх гээд байгаа юм бэ? Хувирашгүй үнэнийг олох гээд байгаа юмуу… эсвэл өөртөө ашигтай зүйлийг үнэн болгох гээд байгаа юм уу?

Миний дээрх бичлэгүүд дандаа хувирашгүй үнэний эсрэг өгөх хариултууд байсийн. (таны яриад байсан), харин өөртөө ашигтай талаас нь яаж орчлонг харах вэ гэж байгаа бол шал өөр сэдэв болчлоо.

Би энд зүгээр л өөрийнхөө бодлыг бичиж байгаа шүү. (no personal offences man!). декарт түрүүлээд бодсон үгүй нь надаа тийм сонин биш байна. Харин хүн төрлөхтний цаг хугацааг тооцохгүйгээр авч үзвэл магадгүй Декартаас түрүүлж бодсон ч байж болох юм.

Ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ таны наад асуултууд чинь дахиад миний нөгөө давтсан санаа руу яваад байна. Тийм болохоор хоюулангийнх нь энэ маргаан хэзээ ч дуусахгүй байх.

Sum: маргаан дуусаагүй..

өөртөө ашигтай талаас нь орчлонг харах бус, орчлонг хараад ашигтайг нь сонгох юм. ашиг нь "үнэнд" хэр ойр байхаар тодорхойлогдоно.

Хэт гүнзгийрэхээ болъё. Зүгээр л Буддаг шүтэх үү? Христийг шүтэх үү? эсвэл шүтэхгүй байх уу? гэдэг сонголтыг хэрхэн хийх вэ?

Thursday, September 20, 2007

Ичингүйрэл..

Монголчуудын хувьд, магадгүй коммунист дэглэмд амьдарч байсан хүмүүсийн хувьд бусдаас хэт хамааралтай байдаг юм шигээ. Өөрөөр хэлбэл хэн намайг юу гэж бодох бол, юу гэж хэлэх бол гэдгээс их эмээдэг. Эрх чөлөөгүй, бүгдээрээ адилхан жигд амьдардаг байснаас бусдын анхаарал татахыг дотроо хүсдэг ч илэрхийлэх зориг хүрдэггүй болчихсон мэт. Бусад нь ч үүнийг нүдээ бүлтийлгэн хүлээж авна. Би л лав багадаа шинэ гутал авчихаад хүүхдүүдийн анхаарлыг татахгүйн тулд шороогоор үрдэг байж билээ. Бусдаас онцгойрох нь гаж буруу үзэгдэл гэж бүтэн үеэрээ заалгасан манай нийгэмд одоо бол энэ нь хэвийн үзэгдэл боловч хүмүүсийн далд ухамсраас арилаагүй л байна. Хэн нэг нь онцгойрон дээш гарахад энэ нь байж болохгүй буруу зүйл шиг мэдрэмж төрдөг. (Гадуур үүнтэй холбоотой өчнөөн жишээ байна даа..) Тамын тогооны үлгэрийн шалтгаан ч энэ байж болох. Гудамжинд зөрөх хүмүүсийн сонжсон харцны бай болж явна гэдэг миний хувьд арай л үнэтэй эрх чөлөөний мэдрэмж ч гэсэн үсээ ургуулж хар хувцас өмссөн рокеруудыг хараад би хувьдаа зоригийг нь үнэлдэг. . Найзын маань ярьснаар бол Англичууд болон ер нь европчууд хүмүүсийг нэвт хардаг ажээ. Тэд бааранд, хүлээлгийн газар, ресторанд урдуур нь хөлхөх хүмүүс, элдэв янзын хувцас, ааш зан гаргах хүмүүсийг огт байхгүй юм шигээр нэвт харж хана ширтэн сууж чаддаг. Өөрт нь хэрэгцээгүй зүйлд автахгүйгээр, тухайн орчинд яг л ганцаараа байгаа шигээр эрх чөлөөтэй байж чаддаг гэнэ. Сурууштай л чадвар. АНУ -н нэг хотод гэнэт хүйтэрсэнд их дэлгүүрт нь нэг нөхөр хувцас авах гээд хөнжлөө нөмөрчихсөн явж байхтай нэгэн танил маань тааралджээ. Зөвхөн Монгол хүний л анхаарлыг татах иймэрхүү жишээ хангалттай олон бизээ. Энэ бүгдийг бичих болсны учир нь блог бичих гэхээр яг иймэрхүү төвөгтэй мэдрэмж төрөөд байгаад л юм. Хэн нэгэн нь уншчихаад энэ чинь иймэрхүү л хүн юм байна гэж бодно гэхээс нэг л эвгүй. Ямар нэг юманд баригдалгүй хүссэнээ шууд л биччихдэг хал блогчдын бичлэгийг уншаад сэтгэл хөдөлсөндөө өөрийнхийгөө бичих гэхээр тасдаж зассаар байтал сүүлдээ утгагүй санагдаад устгачихаад байхийн... хүссэнээ чөлөөтэй бичдэг болохын тулд, ө/х өмссөн шинэ хувцсандаа дасахын тулд блог минь хэсэг хугацааг туулж дээ...

Tolovlogoo

Хэзээ нэгэн цагт блогтой болвол бичнэ гэж боддог байсан сэдвүүд минь:
- Монтень - эсээ
- Нөхөрлөлийн тухайд
- Эрх чөлөө
- Үнэт зүйлс
- Шалгуурын шалгуур
- Төрийн төлөө оготно
- Хэлц үгс
- Үнэний тухайд
- Луугийн хүчин
- Мэдрэмж
- Дотно хүмүүс харилцаагаа тодорхойлохдоо болгоомжтой байх тухайд...
- Бөгжний эзэн
- Бас дахин эрх чөлөө
дээр нь нэмээд...
- Биднийг аз жаргалтай болгодог зүйлс
- Бражелоны бээл буюу 10 жилийн хойно

Шинэхэн блог минь

Том болоорой...